Би албан тушаалтай, тушаалгүй Монголын боловсролын системийг өөрчилнө

Би албан тушаалтай, тушаалгүй Монголын боловсролын системийг өөрчилнө

“Гранд би” булангийн ярилцлагын хойморт уригдагсад үргэлж үнэ цэнэтэй, хийж бүтээсэн зүйлтэй, хэлж ярих юмтай эрхмүүд байсаар ирсэн. Энэ удаад “Адмон”-ы Р.Энхбат захирал бидэнтэй үзэл санаагаа хуваалцлаа. Монголын соёлын томоохон төв болж, нийгмийн оюуны санааны ертөнцөд хөрөнгө оруулалт хийсээр ирэхдээ хоёргүй сэтгэлээр энэ үйлдээ бүхнээ зориулж ирсэн ноён Р.Энхбат яах аргагүй номын өргөөний эзэн гэсэндээ, ихийг уншиж, ихэд боловсорсных нийгмийн олонлогоос огт өөр, нийтлэг сүргийн сэтгэлгээний байр сууринаас үзвэл гажиг, тэрсүүд нэгэн. Гагц өрх гэр тойрсон амьтанлаг эрх ашгаас гадна нийгэм, олон нийтийн төлөө сэтгэл чилээж, өөрчлөлт, сайн сайхны төлөө тэмцэж ирсэн ноён соён гэгээрүүлэгч энэ удаад Монголын боловсролын системийг БИ ӨӨРЧИЛНӨ хэмээн “том дуугарсан”. Нээрээ ингэж том дуугарч, ийм сэтгэлээр бусдын төлөө тэмцэж зориглох иргэн бидний нйгэмд хэр олон бол. Энд нэг байгаа нь сайхан. Бид ирээдүйдээ, энэ нийгэм маань сайн сайхан болно гэх сайхан дүүрэн бодолтой байж болох нэг шалтгаан, нэг итгэл. Танд баярлалаа.

– Танайх соён гэгээрлийн уламжлалт өдрүүдээ хийж байгаа юм байна. Соён гэгээрлийн үүрийн гэгээ татсан тэртээ 15,16 зуунаас хойш хүн төрөлхтөн өнөөг хүртэл соён гэгээрэх тухай ярьсаар байна. Зогсох эцсийн цэггүй зүйлсийн нэг бололтой. Ингэхэд соён гэгээрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ? 

– Соён гэгээрсэн хүн гэж хэнийг ч хэлэхгүй. Соён гэгээрэл гэдэг бол нийгмийн процесс. Бурхны гэгээрлээр хүн төгс гэгээрэлд хүрдэг юм гэсэн, гэхдээ энэ бол өөр ойлголт. Соён гэгээрэл гэдэг бол аливаад мэдлэг боловсролтойгоор хандах хандлага.

Ерөнхийдөө өөрийн чинь хэлж байгаа 15,16-р зууны үед нөхцөл байдал одоогийн манайх шиг байж л дээ. Хүмүүс бүх зүйлд сүсэг бишрэлээр ханддаг, мухар сүсэг, шашин бүхнийг эзэлсэн, хаад ноёдоо шүтсэн сэтгэхүйтэй, хүн гээч амьтан өөрийн гэсэн бодолгүй, бусдын хэлснийг л дагаж амьдардаг үе байж. Ийм цаг үед, хамгийн түрүүнд байгалийн шинжлэх ухааны шинэ шинэ нээлтүүд гарч, хорвоо дэлхийг Ньютон, Лейбниц, Коперник гэх мэт хүмүүс өмнөх бүх ойлголтуудын эсрэг цоо шинээр батлан тайлбарлах болсон нь бөө удган, бурхан шашны өрөөсгөл уламжлагдаж ирсэн ойлголтуудтай зөрчилдсөн. Дэлхий дөрвөн хөлт яст мэлхийн дээр тогтдоггүй юм байна, бас хавтгай биш бөөрөнхий юм байна гэх мэт өнөөдөр ердийн болсон ойлголтуудыг тэд л анх гаргаж ирцгээсэн.
Үүнийг дагаж бий болсон хүнийг цаанаас нь далдын хүч болон хувь төөрөг нь удирдаад байдаггүй, хүн өөрийн хувь тавилангаа өөрөө жолоодоод аваад явах чадвартай юм байна гэсэн ойлголт нь бүтээлч хүмүүсийг төрүүлж эхэлсэн.

Соён гэгээрэл нь хөгжил дэвшлийг бий болгодог шинжлэх ухаанд итгэхээс гадна, хүн амьдарч буй хорвоо ертөнцийнхөө сайн сайхныг бусдаар зуучлуулж биш өөрийн хүчээр шууд амсч мэдэрч болдгийг, хүнд өөртөө итгэх итгэл, хичээл зүтгэл, сайн сайханд хүрэх тэмүүлэл олоход нь тусладаг нийгмийн дэвшилтэт том үзэгдэл. Тиймээс соён гэгээрэл нэг газар очоод зогсох учиргүй.


Зөвхөн мухар сүсэг ч биш, ерөөсөө нийгэмд аливаад мэдэмхийрдэг, тодорхой бус байдлыг үүсгэж худлаа ярьж будилуулдаг хүмүүс одоо ч манайд их байна. Тэд дэндүү их мэдэмхийрч нийгмийг 25 жилийн турш буруу зам руу хөтлөхөд маш их нөлөөлсөн байх жишээтэй. Санасны зоргоор бүтээд байдаг юм гэж юу байхав, ардчилал байгаа юм чинь сайхан нийгэмд ингэж яваад л хүрчихнэ гэхээр нь бид шууд итгэж явсаар өнөөдрийн энэ замбараагүй байдалд орсон. Тэгэхээр гэгээрч боловсроогүй харанхуй бүдүүлэг хүмүүсийг мангартуулах тийм ч хэцүү биш гэдэг нь харагдаж байгаа биз.

Ер нь энд хэлэхэд, ярилцаж байгаа чи бид хоёр төдийгүй, хүмүүс тэр чигээрээ соён гэгээрэл гэж яг юу юм гэдэг дээр адилхан ойлголттой болж авахгүй бол чи хувь хүний соён гэгээрэл, би нийгмийн соён гэгээрэл, зарим нь бурхны соён гэгээрэл гэж өөр өөрөөр ойлгоод байвал бидний зорилго үр дүнд хүрэхэд маш хэцүү. Зөвхөн соён гэгээрэл ч биш, ерөөсөө нийгэм гэж юу юм, хүн гэж юу юм, боловсрол гэж юу юм гэх мэт нийгмийн ойлголтуудыг тодорхойлж, тайлбарлаж өгсөн нэгдсэн тайлбар тольтой байсан бол хүмүүс илүү амархан ойлголцох юм л даа.

– Юу гэсэн үг вэ, хүмүүс өөрсдийн бодлоор бус тайлбар толийн дагуу ойлголцоно гэсэн  үг үү? 

– Зарим талаар тийм. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцогч бүр “замын хөдөлгөөн”-ий хамтын нийгмийг үүсгэж буй гэж үзэж болно. Хэрэв замын хөдөлгөөнийг зөв соёлтой байлгая гэж байгаа бол замын хөдөлгөөнтэй холбоотой бүх ойлголтуудыг цэгцэлж нэгдсэн нэг ойлголттой болох ёстой. Тэгэхгүй оролцогч бүр өөр өөрийнхөө хүссэнээр ойлговол “замын хөдөлгөөн”-ний нийгэм замбараагүйтнэ. Үүнтэй адил монголчууд бид нэгдсэн хамт олон учраас бид нэгдсэн нэг л үнэт зүйлтэй болж түүнийхээ төлөө л зүтгэх учиртай. Харамсалтай нь социализмыг таягдан хаяхдаа бид нийгмийнхээ үнэ цэнийг хамт алдагдуулсан учраас хувиа хичээсэн замбараагүйтлийг бий болгосон. Тиймээс соён гэгээрэл бол нийгмийн хөгжлийн тухай зөв ойлголт дээр хүмүүсийг нэгтгэж өгөх боломж юм. Хөгжсөн улс орнууд хамгийн түрүүнд тайлбар толь хийдэг, учир нь дэндүү замбараагүй байсан ойлголтуудыг цэгцэлж авахаас нааш хөгжих боломжгүйг ойлгосон байж.

– Соён гэгээрлийг яг хувь хүн дээр арай тодруулж яривал?

– Соён гэгээрэл нэг нэгнээсээ хамааралтай хүмүүсийн дунд явагдах процесс учраас нэг хүн яаж ч гэгээрч соёлжсон бусдаас нь салгаж ойлгох боломжгүй юм. Хувь хүний хувьд гэвэл хэн ч юу ч хэлсэн түүнтэй нь эвлэрээд явдаг, хүний үгнээс огт гардаггүй хүмүүс олон байдаг. Тийм хүнд хүмүүс ерөнхийдөө дуртай байдаг, бас хүүхдээ ч тэгж хүмүүжүүлэхийг оролддог хүн олон. Тэд миний хүүхэд их томоотой, хүний өөдөөс олон юм ярьдаггүй, мөрөөрөө, гэмгүй хэмээн бахархаж явдгийг юу гэх вэ? Хамт олны дотор ч ялгаагүй, хал балгүй, гүндүүгүй гэгддэг хүмүүс л их сайн нэртэй байх жишээтэй. Гэтэл тэдгээр нь ямар ч санаачлагагүй, хүн юу хэлэхийг л хараад сууж байдаг хүмүүс байх нь олонтаа. Хүмүүст багаас нь өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрсдийгөө болон нийгмээ өөрчилж болно гэсэн мэдлэгт суурилсан итгэл үнэмшил олгож өгөх хэрэгтэй, энэ бол манай боловсролын гол зорилго байх ёстой л доо. Харин манай боловсролынхон “зөв монгол хүн” болгоё ч гэх шиг, бараг л нөгөө, хүмүүст дандаа таалагддаг гүндүүгүй хүнээ дэмжих гээд байгаа юм шиг хачин хөгийн хөтөлбөр төлөвлөгөө зохиодог. Аминдаа хамгийн зөв хүн нь Элбэгээ, яагаад гэвэл бүгдээрээ сонгосон учраас л хамгийн зөв үлгэр дууриалал ч юм шиг…

– Тэртээх европын соён гэгээрлийн тэсрэлтийн үе ч ард хоцорч. Өнөөдөр харин хүн төрөлхтний хөгжил их өөр тийш сонин байдалтай явж байна гэх хүмүүс бий. Хүмүүс хэтэрхий техникжиж байна, интернэтгүйгээр амьдралаа төсөөлөх хүн ховор болж. Энэ бүхэн тархины хөгжлийг л тэтгээд байгаа болохоос нөгөө талд зүрх сэтгэлийн хөгжил гэж бараг байхгүй болж байх шиг. Энэ бүхэн хаа хүрэх бол? 

– Нэлээн хавтгайрч түгсэн ойлголт байна. Барууны ертөнц мөхөл рүүгээ явж байна, хүнлэг биш байна, энэ тэр л гэнэ. Тэгвэл би асууя, япон эсвэл герман хүн монгол хүнээс бага хүнлэг үү? Аль нь хүнлэг юм? Энэ л асуулт. Би үнэндээ тэгж хэлж чадахгүй. Харин ч тэнд хүн хүндээ, бие биендээ биднээс л дээр ханддаг, биднээс дээр моральтай хүмүүс тэнд хавьгүй олон. Би олон гаднын хүнтэй танил, найз нөхөд, ажил төрлийн холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжил дэвшил бол хүний сэтгэлийг эвддэг гэж надад ер харагдахгүй л байгаа юм даа. Эцсийн эцэст тэр асуудлын гол нь хөгжил дэвшилд байна уу, өөр зүйлд байна уу, чухам ямар учир шалтгаантай вэ гэдгийг олж мэдэх ёстой. Дээрээ учраа олохгүй л бол доороо яана гэдэг билээ? Бидэнд хэн ямар муухай үлгэр дууриал үзүүлдэг билээ? Өөрөөр хэлбэл нийгэм хөгжихтэй зэрэгцээд хүн чанар алдагдана гэдэг бол андуурал. Манайхан гаднын хөгжсөн орнуудад хөгшин аав ээжийгээ асрамжийн газарт аваачаад өгчихдөг гэдгээр хүний чанарыг тайлбарлах гээд байдаг, гэтэл тэнд чинь нийгмийн халамжийн бодлого нь гэхэд л асар хөгжсөн шүү дээ. Бидний дотор эцэг эхийгээ хажуудаа байлгаж, харж хандаж байгаа нэртэй боловч насных нь эцэст зовоож байгаа нь цөөн биш.

– Магадгүй манайх их саармаг үедээ явж байгаа байх, тийм үү? 

– Нэг бол хөгжинө, эсвэл хуучиндаа очих. Мал аж ахуй, нүүдэлчин амьдралдаа эргээд очих уу гэж асуухаар тийм үзэлтэй хүмүүс аль алиныг хослуулна гээд байдаг. Тэгээд яаж хослуулах вэ гэхээр жийп унаад морь уралдуулж, хотод орж ирчихээд хоосон уламжлал ярьцгаадаг. Мэдлэг боловсролтой нь улс орноо авч явж байгаа биш учраас тодорхой бодлогоор шийдвэртэй алхам хийхгүй, ард түмнийхээ оюун санааг нэг зорилгод чиглүүлэхийн оронд тэдний хүч чадлыг тарамдуулж байна шүү дээ.

– Хөгжим, урлагийнхан Чайковскийг төгссөнөөрөө, утга зохиолынхон Горькийг дүүргэснээрээ, өөр бусад мэргэжлийнхэн Ломоносов, МГУ-г төгссөнөөрөө илүүрхдэг таны үеийнхэнд хамаатай нэг бичигдээгүй хууль бий. Тэгэхээр алив “школ” гэж чухал юм шиг ээ. Ер нь боловсрол гэж юу юм?

– Ямар сургууль төгссөнөөрөө биш юу чадаж байгаагаараа гайхуулах ёстой л доо, уг нь. Төгссөн сургуулиараа гайхуулдаг явдал бол өөрөөрөө гайхуулах ямар нэг юмгүй хүмүүсийн арга ядсан дүр төрх. Хүндтэй сургуулийн нэр хаягаар өөрсдийгөө рекламдаж байна гэсэн үг.
Монголоор бол боловсруулах гэснээс үүдэлтэй, нийгмийн хувьд хүн өөр дээрээ амьтнаас ялгаатай боловсруулалт явуулж, өөрөө өөрийгөө аваад явчих тэнхээтэй болох тухай асуудал гэж ойлгогдох ёстой байх. Боловсроогүй юм гэдэг чинь мах шөлөөр ч бодсон, түүхий л гэсэн үг. Амттай хоол хийж идэхийн тулд түүхий махыг сайн боловсруулах ёстой л доо, тийм үү.

– Боловсрол диплом мөн үү? 

– Тодорхой мэдлэг эзэмшсэний баталгаа болгож диплом өгдөг. Харамсалтай нь хоосон дипломоор боловсролыг хэмжиж болохгүй л дээ. Боловсрол гэдэг бол хүний хийж байгаа үйлдлээс л жинхэнээрээ харагдана. Боловсрол гарт баригддаггүй, нүдэнд шууд харагддаггүй учраас зарим хоосон хүмүүс гэрчилгээ, дипломоор халхавч хийж, эсвэл худлаа үнэн сургуулийн нэр хаяг барьж явдгийн жишээ олон байдаг шүү дээ. Үнэхээр боловсролтой бол дипломгүй ч байсан яадаг юм.

– Би бодохдоо мэргэжил гэдэг үгийг монгол хэл рүү орчуулахдаа боловсрол гээд андуураад хөрвүүлчихсэн юм шиг санагддаг. Ажилд авах анкетан дээр боловсрол-дээд, дунд, үгүй гэж байдаг шүү дээ. Дээд, дунд гэдэг хэмжүүр боловсролд биш мэргэжилд л хамаатай тодотгол юм шиг санагддаг. Та бусдыг үнэлэхдээ юуг нь чухалчилдаг вэ?

– Буруу зөрүү орчуулж хэрэглээд сурчихсан үг өч төчнөөн. Засч залруулахад хэцүү. Хэлний хууль гарсан, дээдсийг юм хийж үзээсэй гэж горьдоод л сууж байна. Бидний ажилд энэ хүндээр тусдаг учраас бидэнд их хамаатай.

Ер нь тэгээд би хэзээ ч хэний ч диплом шагайж үзээгүй юм байна. Ажилд орохоор ирсэн хүмүүс диплом энэ тэр бариад ирдэг. Би хууртагдахаас айгаад түүнийг нь хардаггүй. Ярилцдаг. Хүсэл мөрөөдлийг нь сонсдог. Асуултыг нь хүлээдэг. Эндээс л хүнийг эхний ээлжинд таньж авдаг, түүндээ л итгэдэг. Мөн амьдрал дээр амалсандаа хүрч байна уу, ажлаа яг хийж байна уу, хэлсэндээ хүрэх тэвчээртэй байна уу гэх мэт. Энэ мэт дээр хүнийг таних уг нь хэцүү биш.

Манай боловсрол ямар хэмжээнд байгаа билээ, тэр дипломыг харсан хараагүй би мэдэж байна. Манай их дээд сургуулиуд ерөнхийдөө л гүн бат мэдлэг олгож чаддаггүй. Хайран сайхан залуучуудыг боловсрол олгоно гэж мөнгө төгрөгөөр барахгүй цаг завыг нь ч үгүй хийж байна. Хичээл дээр ихэвчлэн ойлгомжгүй юм заадаг учраас цээжлэхээс өөрийг бараг сураагүй, залуучууд гэж юм юмнаас залхуурсан, залхсан хүмүүс л байх юм байна шүү дээ. Гайгүй нь ховор доо, ховор.

– Та бол мэргэжлийн фото зурагчин. “Адмон” компани өнөөгийн Монголын соёл, урлаг, боловсролын нэгэн том төв болжээ. Ном, соёлтой хэдийнээс холбогдчихов?

– Хүн ямар нэг юм хийхийн тулд эхлээд хөл дээрээ зогсоод авах нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд өөрөө өөрийгөө аваад явах хэмжээний болох ёстой гэсэн үг. Энэ бүхэн нэг л өдөр хангагдчихгүй. Бага багаар, боломжийг эрж хайж, олж хийсээр өдий хүрлээ. Хийж байгаа юм бүгд л ном соёлоо тойрч байгаа. Тиймээс гол ажил маань өөрийн эрхгүй нийгэм, цаг үеийн сэдэв агуулга болж ирдэг. Зарим хүмүүс ямар ном уншихаа ч мэдэхгүй байна. Унших ном бүү хэл, ямар мэргэжил эзэмшихээ ч мэдэхгүй өнөө маргаашаа л бодох дайны яваа залуус олон. Манай компанийнхан болон бидэнтэй хамтарч ажилладаг хүмүүс номын агуулга дээр ажиллах, түүнийгээ ном болгож хэвлэх, номоо зараад дахиад шинэ номын ажил эхлэх гээд эцэс төгсгөлгүй ажилтай байцгаадаг. Үүнд сайн зохиолч, орчуулагч, редакцтай болохоос гадна бас өөрийн гэсэн хэвлэх үйлдвэр, номын худалдаатай болохоос өөр арга байсангүй. Түүнийгээ л алхам алхмаар гүйцэлдүүлж ирлээ дээ.

– Номын бизнес бас ч гэж ашигтай бизнес гэдэг. Энэ салбарыг үндсэндээ “Адмон” болон Баабар, “Непко”, хоёр л хувааж атгаж байна гэдэг. Та санал нийлэх үү? 

– Манай компани дээр ашиг голлож харсан бизнес биш, тодорхой бодлого зорилготой ажил хөдөлмөр явагддаг учраас бид чухам юу атгаж байгаагаа мэдэхгүй. Өөрсдийн бодлого зорилгодоо л эзэн болохыг хичээж явна. Харин ном сонирхдог хэсгийхэнд сайн үлгэр дууриал болж байгаагаа манай хамт олон мэддэг. Ямар ч бизнесийн ашиггүй зүйлд ч бид их мөнгө зардаг, одоо ч бас зарж л байна. Манайд сүүлийн үед хэрэгтэй хэрэггүй ном зохиол гаргаж өөрийгөө сурталчилдаг жишиг тогтсон, номоор муу муухайгаа халхалж, хоохойлох явдал ч ихэслээ. Ямар нэгэн салбарт номер нэг ч гэдэг юм уу атгаж суух сонирхол надад л лав байхгүй.

– Бодлого гэснээс алив хэвлэлийн компани дэргэдээ утга зохиолч судлаач, шүүмжлэгчтэй байж, тэр шалгуур, шүүлтүүрээр алив ном, бүтээлийг оруулж, хэвлүүлэх эсэхээ шийддэг стандарттай. Манайд одоогоор ийм стандарт нэвтрээгүй байх шиг. Танд энэ талаар бодож, төлөвлөсөн юм бий юу?

– Яагаад байхгүй гэж? Манай “Монсудар” хэвлэлийн газрын бодлого яг ийм маягаар явдаг. Яг одоо гэхэд бид монгол судлал, түүх, соёлын чиглэлээр томоохон төсөл, бодлого хэрэгжүүлж байна. Монгол хэлэнд хэрэглэгдэх бүх төрлийн толинуудыг эхнээс нь хийгээд 17, 18 дахь боть дээрээ хүрч байна. Үргэлжлүүлээд аман зохиол, оньсого, үлгэр туульс зэрэг монголчуудын оюуны өв соёл юу байдаг юм, бүгдийг нь нэгтгэн цуглуулж эхнээс нь гаргаад эхэлчихсэн. Үүнд бас нүүдэлчдийн тайлбар толиуд ч багтаж байгаа.

“Монголчууд” гээд хүн төрөлхтөн үүссэн цагаас 1990 он хүртэлх Монголын түүхийг цуврал зурагт тайлбар толь хэлбэрээр үргэлжлүүлэн гаргаж байна. Үүний нэг л боть дээр хэдэн арван хүнтэй мэргэжлийн баг ажилладаг. Сүүлийн жилүүдэд бид утга зохиолын шүүмжлэгч нартай улам ойртож ажиллахыг хичээж байна. Баруунд зохиолч хүн бичсэн номоо бариад түүнийг нь жинхэнээр нь дүгнэх шүүмжлэгч эрээд явж байдаг бол манайд мөнгө өгье, номонд минь мялаалгын сайхан үг бичээд өгөөч гээд явах жишээтэй байдаг. Шүүмжлэгч нар дэндүү цөөдөж байна.

– Үнэхээр том бөгөөд өгөөжтэй, буянтай төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүй гэж бодож байна. Миний асуултын тухайд санаа нь бизнес тал руугаа. Монголд хэн дуртай нь ном хэвлүүлээд, торонд хийж аваад зарчихдаг. Ийм учраас л таны хэлдэгчлэн хэрэгтэй, хэрэггүй номнуудыг хэн дуртай нь хэвлүүлж нэр алдрын халхавч хийгээд байгаа юм биш үү. Баруунд бол зөвхөн бестселлер болох номыг л хэвлэлийн компаниуд сонгож авч хэлүүлдэг жишигтэй.

– Хаана ч, хэн ч дуртай номоо хэвлүүлж болно. Гагцхүү түүнийг хүлээж авдаг уншигчид байна уу, үгүй юу гэдгээрээ л ялгагдана. Уншигчид нь, зах зээл нь байгаа учраас тэр газар хүмүүс ном бичээд, дэлгүүрүүд нь номоо зараад аятайхан амьдраад болж байна. Гэхдээ зөвхөн бестселлэр номыг сонгож хэвлээд зараад байдаг гэвэл ташаа ойлголт болно. Хэвлэлийн газар нийгмийн эрэлт хэрэгцээг сайн мэдэх явдал чухал бөгөөд тэгж байж л бестселлэрийг гаргаж ирнэ шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй номын тухайд гэвэл тийм ном манайд зөндөө их болсон. Учир мэдэхгүй хүмүүс түүнийг нь авдгаас гадна тийм номнуудыг яам тамгын газраас хот хөдөөгийн номын сангуудад шахах гол бараа болгон үйлдвэрлэсээр байгаа нь нууц биш.

– Та ингэхэд ерэн оны хувьсгалаар юу хийж байсан бэ?

– Гэрэл зурагчнаа хийгээд л явж байсан. Би энэ хувьсгал гэж нэрлээд байгаа зүйлийг хамт хийлцсэн гэж хэлэхгүй, гэхдээ яг харж байсан хүний нэг. Ер нь юм өөрчлөгдвөл баярлах хүний нэг байсан ч тухайн үед юуг яаж өөрчлөхийг мэдэхгүй байлаа шүү дээ. Хаанаас гараад ирсэн юм бол гэхээр хаа сайгүй их мэдэгч нар л тэр үед ихэссэн юм даг. Ийм л байдаг юм байлгүй гэж бодсон. Тэнэг л байж. Над шиг олон мянган хүн байсан. Гэхдээ би худлаа ярьж, хүмүүсийг уруу татаж, мэдэмхийрч улс орноо буруу замд хөтлөөгүй. Харин тэр мэдэмхий хүмүүсийг харахаар одоо ганц миний ч биш олон хүний дургүй хүрч байгаа. Нийгмийн тухай ямар ч ойлголтгүй байж тэд улс орны толгойд гаран нийгмийг буруу тийш залж, Монголчуудыг өр шир, хямрал ядуурлаас өөр ярих сэдэвгүй шахам болголоо шүү дээ.

– Гайгүй болох байлгүй дээ.

– Тэгэх байхаа, тэгэх байх! Дөч, тавиас дээш насныхан үхэж дуусахаар нийгэм аандаа цэвэршээд ирнэ гэсэн үгэнд үнэн голоосоо итгэсэн, эсвэл дургүйцсэн олон хүнтэй би таарч байв. Энэ үгийг нарийвчлан тайлбарлавал хүмүүс нийгмийн сайн сайхныг бүтээлч хөдөлмөр, идэвхи зүтгэлээр олж авах бус харин урт удаан хугацааны хүлээлтийн үр дүн, цаг хугацааны үрээр л сая бий болох боломж гэсэн арчаагүй байдал гэж тайлбарлахаас өөр яах билээ. Нийгмийг идэвхигүй байдалд оруулсан энэ санаа биелэгдэхэд одоо ч бас жаахан хугацаа хэрэгтэй юм гэнэ лээ.

– Худлаа ярих, хойч үедээ дааж барахгүй ачаа үлдээх ч нээрээ том нүгэл шүү. Энэ байдлаас улс орон маань яаж гарах вэ? Ямар гарц байна?

– Гарц байлгүй яахав. Хүсвэл энэ байдлаас гарч болно. Чи жишээлбэл шаварт уначихсан байна гэж бодъё, хүсвэл чи яаж ийгээд гарна, хүсэхгүй бол тэндээ л хэвтэж байна, тийм биз? Одоогийн байдлаар бол чи шавраас гарахыг хүсэвч аргаа мэдэхгүй, гар хөл чинь баглаастай байна. Гэтэл яг чамайг шавраас гаргах ёстой тэр хүмүүс нь чамайг тойроод л аахилаад л, амьсгаадаад л аргадаад л, аманд чинь жаахан юм хүлхүүлээд л, үхүүлэх ч үгүй, гаргах ч үгүй л гүйгээд байна.  Өөрөөр хэлбэл хамаг эрх мэдлийг гартаа авсан тэр хүмүүс улс орноо, ард түмнээ шавраас гарахыг хүсэхгүй байна. Харин ч гарах боломжгүй хэвтэж байх үеэр нь жаахан юм амжуулаад авья гэж бодож байх шиг. Боловсрол, соён гэгээрэл бол чи өөрөө шавраас гарах тэр аргыг л мэддэг болох боломж юм даа.

– Амьдарч буй нийгмээ асар ихээр шүүмжилдэг, мөн ихээхэн тэрсүүд хэрнээ дэвшилтэт, задгай сэтгэлгээтэйг тань мэдэх юм. Энэ бүхэн юунаас эхтэй чанар вэ?

– Надад хүнээс онцгой юм ер байхгүй. Ар гэр үр хүүхдээ сургуульд даатгаж хаячихаад ажил гээд өглөөнөөс оройг хүртэл явдаг социализмын үеийн л ээж аавын хүүхэд. Оюутан үе минь ч бусдын адил. Нийгмийн худлаатай эвлэрч чадахгүй байгаа над шиг хүмүүс өнөөдөр бидний дунд олон байгаа боловч гаргаж илэрхийлж байгаа нь л өөр өөр байх. Гэхдээ энэ амьдралтай эвлэрхээс өөр аргагүй хүн ч олон байгаа. Тэднийг ойлгож, зөвтгөх нөхцөл ч бий. Ихэнхэд нь дургүйцлээ шууд илэрхийлэх, эрх баригчдын эсрэг тэмцэх бодитой нөхцөл бололцоо энэ нийгэмд алга байна. Миний хувьд хийж байгаа ажил минь өөрөө нийгмийн соён гэгээрлэлтэй шууд холбогдож байдаг учраас тэгж харагдаж байгаа биз. Эцэг эх, хань ижлийн нөлөө бас байдаг л байлгүй.

– Эх орноо бодно гэдэг чинь явж явж гэр бүл үр хүүхдээ хайрлаж байгаагийн нэг хэлбэр биз, тийм үү? 

– Тэгэлгүй яахав. Хамгийн гүн, утга учиртай хайрлаж байна гэсэн үг. Гэтэл тийм их мөнгөтэй хэрнээ эх орныхоо төлөө, нийгмийнхээ төлөө юу ч хийдэггүй хүмүүс хөдлөх цаг болсон баймаар. Энд маш их бололцоо байгаа. Бололцоогүй хүмүүсийг ойлгож болно оо.

– Та бололцоотой хүмүүсийн нэг мөн үү?

– Мөн, тэгээд л бололцооныхоо хэрээр хийж байна. Жил бүр зохиодог манай соён гэгээрлийн өдрүүд бол шууд л нийгэм рүү хандсан үйл ажиллагаа болдог. Хамтрагч хайдаг, заримдаа олддог, заримдаа үгүй. Манайх үүгээр ямар ч бараа сурталчилдаггүй. Энэ удаа бид Герман, Швейцарийн нэр хүндтэй, хийсэн бүтээсэн юмтай профессоруудыг авчирч лекц уншуулж, олон сэдвүүдээр харилцан яриа өрнүүлж байна. Сэдэв нь, иргэн гэж хэн бэ? Нийгэм гэж юу вэ? гэх мэт. Одоо гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

– Та ер нь эдийн засгийн утгаараа хэр баян хүн бэ?

– Ном, номыг тойрсон хэвлэх үйлдвэр, дэлгүүртэй учраас би бусдаас хамааралгүй хүн. Манайхны хийсэн бүх номын агуулга, ач холбогдлын тухай яривал мөнгө хөрөнгө гэхээсээ илүү том бахархал болж хувирна. Хэний ч хийгээгүй олон ажлыг бид эхлүүлсэн, хийж ч байна. Хожим хойно, хэний ч өөдөөс эгц харж чадахаар, харамсахааргүй амьдарья гэдэг бол миний амьдралын нэг утга учир. Хүний өөдөөс харж чадахгүй, хүнээс зугтаан амь тээж яваад дуусах аймшигтай байх. Манай эрх баригчдын дунд тийм хүмүүс мөн ч олон байгаа даа.

Бусдад хэрэгтэй юм хийнэ гэдэг үнэ цэнэтэй бахархал байдаг. Баялаг, бахархал хоёр тийм л ялгаатай. Хийсэн бүтээснээ мэдээж үнэгүй тараах боломжгүй, тэнд ажилласан хүмүүсийн цалин хөлс, хэвлэсэн цаасны үнэ, цаашид хийх бүтээх зүйлийн эх үүсвэр мэтийгээ эргүүлээд олж авах ёстой. Дээр нь манайд аж ахуй аваад явдаг хүмүүст маш их дарамттай, тооцоогүй эрсдэл хорогдол ч их гардаг. Атаархаад хорсоод явдаг хүмүүс ч хангалттай байх юм. Уг нь эрүүл нийгэмд бол бидэн шиг хүмүүс боломжтой ажиллавал баярлавал зохих юм л даа. Учир нь би олсон мөнгөө нийгмийн тусын тулд л зориулна уу гэхээс байгаль орчин сүйтгээд, хүмүүсийг архи дарсанд уруу татаад явахгүй шүү дээ. Олсноо ихэнхдээ л ном соёл боловсролд л зориулдаг.

– Та боловсролын сайд болбол таарна? 

– Намайг жаахан юм ярихаар л сонгуульд нэр дэвших гэж байна уу, эсвэл боловсролын сайд энэ тэр гээд л хүмүүс шууд хардаад эхэлдэг. Би албан тушаалтай, тушаалгүй Монголын боловсролын системийг өөрчилнө. Өөрчлөхийн төлөө явна. Боловсролоор дамжуулж эх орноо өөд нь татна. Над шиг бодолтой хүмүүс байгаа, тэд улам олноор гарч ирнэ. Би ганцаараа ч байсан хамаагүй, хэлэх гэснээ хэлж, хийх гэснээ чадахынхаа хэрээр хийгээд л явна. Би зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэнэ.

– Wow! Хэзээ, хэрхэн яаж? 

– Бид эхэлчихсэн. Үр дүн хэзээ гарахыг хэлж мэдэхгүй. Хэрхэн, яаж гэдэг нь магадгүй өнөөдрийн бид хоёрын ярих сэдвээс хэтрэх байх. Энэ бол том сэдэв. Би янз бүрээр үзсээн. Янз бүрийн хүмүүстэй уулзаж, хамтарч ажиллах гэж зөндөө үзсэн. Аль нь ч бүтэлтэй сайн болоогүй. Тэгээд дангаараа хийж эхэлсэн. Дангаараа гэдэг нь өөрийнхөө командтай, бас гаднын тус дэм их бий. Би чамд жишээ болгож нэг юм үзүүлье л дээ.

– Тэг л дээ.

– Энэ бол 1-5-р ангийн Иргэний боловсролын хичээлийн ном, сурах бичгүүдэд бид бүрэн анализ хийж дүгнэлтүүд гаргасан байдал. Аймшигтай! /Сурах бичгийн текст дээр засвар хийснийг үзүүлэв/. Энэ бол БСШУЯ-ны ажлын үр дүн. Ийм зүйлээр хичээл зааж байна. Багш нараас өндөр үнэлэлт авсан гэдэг энэ номыг чи дахиад сайн хар даа! Бид энийг засч сайжруулна.

– Ямар их алдаа вэ? Юуны алдаа юм, үг үсгийн юм уу эсвэл логикийн алдаа юм уу? 

– Үг үсэг, найруулгын маш их алдаатай. Агуулга, логикийн алдааг бүр ярих ч юм биш. Энэ бол ганц л жишээ. Бүгд ийм эрээн цоохор, элдэв алдаагаар дүүрэн сурах бичиг үзэж байна. Үүнийг сайдад нь явуулна, хөдлөхгүй бол их хурлын даргад бас явуулж үзүүлнэ. Хөдлөхгүй бол шүүхэд өгч үзээд нийтэд дэлгэнэ. Цаашид би ийм замаар л ажиллана. Боловсролыг нээлттэй болгож, боловсрол дахь төрийн дарамттай бололцооныхоо хэрээр тэмцэнэ. Өмнө нь наад ном, сурах бичиг зохиож байгаа хүмүүс чинь чадваргүй байна гэж яаманд хэлээд дийлээгүй юм. Ихэнх нь энд тэндээс хулгай хийдэг. Энэ номын зохиогч гэдэг улс чинь ихэнх нь эрдэмтэн профессор гэсэн гуншинтай оюуны хулгайч нар байгааг яамныханд албан бичгээр хэлээд нэмэр болоогүй. Манай боловсрол дампуурчихаад байгааг олон хүн мэддэг хэрнээ хэлдэг хүн ховор. Хачин байгаа биз. Энэ мэтээр бүх ном, сурах бичгүүд дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Учрыг нь олж байж сална даа.

– Өөр ямар төлөвлөгөө байна вэ? 

– Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрүүдэд анализ хийх ажил эхэлсэн. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийг бид хүүхдийн төлөө бус болохыг батлаж шүүхэд өгөөд нэг удаа хүчингүй болгуулсан. Одоо шинээр засварлагдаж гарах сургалтын хөтөлбөрийг нь хүлээж байна.

– Үнэхээр маш их ажил хамгийн гол нь нийгэм, ард түмэнд тустай төсөл хийжээ. Амжилт хүсч, талархал илэрхийлье! Гол нь хууль хүчний байгууллага, шүүх шударга, үнэн зөв шийдвэр гаргаасай гэж хүсэх байна.  

– Манай шүүх хэцүү. Шүүгч хүн нийгэмд тулгарч буй асуудлыг ойлгохыг хүсэхгүй, эрх баригчдын гаргасан хуулийг хоосон дагасан байдалтай байна гэдэг шүүхийн бие даасан байдал огт биш. Харин ч шүүх эрх баригчдын найдвартай ар тал, нөмөр нөөлөг нь болж байгаа. Шүүгч хүний ёс суртахуун гэдэг нь хуулин дээр л юу гэж заасныг баримтлахаас биш улс орон цаана нь нураад унаж байх нь бидэнд ер хамаагүй гэж нэг шүүгч надад тайлбарлаж өгсөн. Шүүгчид намайг хууль мэддэггүй, хуулиа уншаад орж ирж бай гэж үргэлж сануулдаг юм. Боловсруулсан журам, хөтөлбөр нь хууль зөрчиж байна гээд боловсролын яамыг шүүхэд өгөхөөр “тэгээд та яг яаж хохироод байгаа юм?” гэж л асуудаг. Нийгэм хохироод байх нь юу ч биш бололтой. Бид ийм л хуультай, ийм л шүүгчидтэй бас над шиг хуулиа мэдэхийг хүсдэггүй хүмүүстэй дээ.

– Тэр байтугай таныг тэнэг гэж байгаа биз дээ?

Намайг ер нь гажиг, юмтай л гэдэг байлгүй. Нэг шүүгч надад хэлэхдээ, хааяа нэг ийм сонин хүмүүс орж ирдэг. Тэд өөрөөр боддог учраас юмны учрыг сайн ойлгодоггүй, бид тэгээд яах вэ дээ гэсэн.

– Угаасаа та хүн болгонд таалагддаг фигур биш. Энэ адармаатай байдал танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? 

– Муулуулж сурсан. Бараг л баярладаг. Яагаад гээч? Энхбат заргач, шуналтай, муухай ааштай гэх мэт янз бүрийн яриа тараана. Гэхдээ цаг улирах тусам хэн нь үнэн, хэн нь худлааг сонссон этгээд нь ялгаад эхэлдэг. Би хар амиа хичээсэн бус, сайн юм хийгээд л явбал цагийн эрхэнд миний муугаас илүү сайн нь тодорно.

– Та өөртөө таалагддаг уу? Чухам ямар зан чанартаа, ямар байдалдаа та хайртай вэ? 

– Хүнд таалагддаггүй фигур гэж чи сая намайг хэлсэн, надад ч бас адилхан, миний юу ч надад таалагддаггүй, гэхдээ би өөрөөсөө ичдэггүй.

– Таны үндсэн мэргэжил фото зурагчин. Энэ мэргэжил болон Герман орон танд юу өгсөн бэ? 

– Маш их үнэ цэнэтэй юмнууд өгсөөн. Биологийн амьтны хувьд энд төрж өсөхөд Монгол тусалсан бол насанд хүрч хүн болж төлөвшихөд Герман орон тусалсан. Өгсөн зүйлсийг нь тоочиж баршгүй. Германд сурснаараа би азтай хүн. Фото зурагчны мэргэжил миний харах мэдрэхүйг хөгжүүлсэн гэж боддог. Юмыг сайн харахыг сурсан. Юу ч гэмээр юм бэ дээ, жишээ нь хүний нүүрийг удаан гээч нь харж болдог бол их юм олж харна шүү дээ. Тэр мэдрэмжүүд миний хараагаар дамжиж надад шингэнэ. Магадгүй мартагдаж сарнина, гэхдээ надаас гарахгүй. Тэгээд хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар надад шингэсэн тэр мэдрэмжүүд миний үйлдэлд нөлөө үзүүлнэ. Яаж гэдгийг хэн ч мэдэхгүй. Намайг баяжуулж, хөгжүүлсэн эерэг нөлөө гэх үү дээ.

– Гэрэл зурагчны чинь намтар хэр баялаг вэ? 

1996 он хүртэл буюу компаниа байгуулах хүртлээ гэрэл зурагчнаар ажилласан. “Үнэн” сонинд хуваарилагдан ажиллаж байгаад нэг хэсэг гэрэл зургийн багш байсан. Дараа нь Улсын гэрэл зургийн газарт зурагчнаас нь дарга хүртэл явлаа.

– Гэрэл зурагчин хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу гэж та боддог вэ? 

– Шоколадны зургаар мэргэшсэн хүн, өдөр тутмын амьдралын зургаар мэргэжсэн зурагчин хоёрт тавигдах шаардлага хоорондоо адилхан биш. Пикассо хэлсэн байдаг, “Зургийг эрдэггүй, олдог” гэж, тэр л чухал чадвар байх.

– Ингэхэд Үндэсний гэрэл зургийн газар тарж бутрахад Цацрал гуай техникээ, та архиваа авч гарсан гэдэг. Монголын хамаг л үнэтэй, ховор түүхэн гэрэл зургууд танд бий гэсэн үг. Энэ үнэн үү? 

– Надаас ийм өдсөн асуулт асуугаасай гэж бүр дандаа боддог юм. Яагаад гэвэл асуусан, асуугаагүй гадуур зорилготой тараасан яриа байхгүй юу, наадах чинь. Ямар хүмүүс ямар зорилготой тараасныг нь ч би мэднэ. Би олон хүний дургүйг хүргэдэг юм чинь намайг энэ асуудлаар шалгахдаа өө сэв олдсон бол далимдуулаад хулгайч гээд зарлах л байсан байлгүй. Нэгдүгээрт, тэр ажлыг аваад хоёр жил болохдоо би тэр газрыг ёстой хөл дээр нь босгосон. Гэтэл яг л ид ажлаа оволзуулж байх үед нь намайг ажлаас халсан.

– Халсаан, яагаад?

– Ардчилал ирсэн гэж. Миний ажлыг талбайн зурагчинд авч өгсөн. Өнөөх нь машин унаж үзээгүй нөхөр байсан бололтой хамгийн түрүүнд машины түлхүүр, тамга хоёроо өг гэсэн/инээв/. Манайх нэг цоо шинэ УАЗ-69 авчихсан, түүгээрээ хөдөө гадаа зурганд явдаг байсан юм. Би түлхүүрийг нь өгсөн. Тэгээд намайг шууд л зайл гэнэ биз дээ. Би ч, яагаад энэ тэр ч гэж асуугаагүй, явсан. Ардчилал манайд нэг иймэрхүү маягтай эхэлсэн, Тэр үед энэ М.Энхсайхны засгийн газар байсан.

– Тэгээд та архиваа яаж авч гарсан хэрэг вэ? 

– Надаас ажил авсан хүн нь ч тэр Цацрал биш, тэр юугаа мэдэх юм бэ? Бат-Эрдэнэ гэж тэр нийтийн аж ахуйн зураг авдаг нөхөр миний ажлыг хүлээж авсан. Харин тэгж яривал манай ажилчид намайг дагаад бүгд ажлаас гарахад архивын эрхлэгч охин үлдсэн юм шүү, дараа нь тэр Бат-Эрдэнэ л үрэн таран хийгээ биз. Бусдын авсан зургуудыг намайг хулгайллаа гэж байгаа хэрэг шүү дээ. Зураг гэдэг чинь ямар алт, мөнгө биш, зооринд хав дарчихна гэж байхгүй, зургийг ерөөсөө л үзүүлэхийн тулд авдаг. Манай компанид гэрэл зургийн архив бий. Монголд хамгийн том нь. Зураг бүр нь цаанаа эзэнтэй, нарийн бүртгэлтэй дөч, тавиад хүний хамтарсан зургийн фонд байдаг. Зарим эзэн нь зургуудаа нэгмөсөн зарсан ч байгаа. Тийм биш байсан бол хэн нэг нь, Энхбат миний зургийг авчихаж гээд над дээр давхиад ирнэ биз дээ. Манайд байгаа энэ зургуудыг одоо ч гэсэн улсад нь хүлээлгээд өгчихмөөр байна. Зураг зарж, зураг авч амьдрах амаргүй. Зургаар манайд мөнгө олоод амьдраад байх бололцоо ч муу. Тийм ч учраас би мэргэжлийнхээ ажлыг орхиход хүрсэн. Мөнгө олох арга өөр. Харамсалтай нь өнөөгийн энэ төр засаг, улсын байгууллагуудад итгэх арга алга. Би хүүхдүүддээ захина аа, төр шиг төртэй болсон цагт энэ архивыг тэр чигээр нь өгчихөөрэй гэж.

– Улсын архив гэж бас эзэнгүй айл байх нь? 

– Эзэнтэй эсэх нь мэдэгдэхгүй.

– Гэрэл зургийн музей байгуулчихвал яасан юм? 

– Одоохондоо надад музей болгочих хэмжээний өрөө, сав, хөрөнгө мөнгө алга.

– Хэд орчим зураг байдаг вэ? 

Лав гучаад мянган зураг бий. Гэхдээ ямар ч хүнд нээлттэй, ашиглах боломжтой.

– Таны хамгийн тод ааш юу вэ? 

– Сониуч зан байх. Эсвэл байж ядсан зан юм болов уу. Намайг барьцгүй энэ тэр л гэдэг юм гэсэн /инээв/. Лав л дөлгөөн тайван, няхуур нямбай хүн биш.

– Түүгээрээ бусдаас жаахан дор юм биш үү? 

– Тийм, тийм. Над шиг байж ядсан “дурак”-ыг хүн юу гэж ч үнэлэх юм /инээв/.

– Та одоо хэдэн настай юм?

– Нас яривал уур хүрдэг үедээ явна. Залуу байхад нас л нэмэгдээд байвал баярладаг байж /инээв/. Одоо бол шал дургүй хүрээд байна ш дээ. Ийм амархан байхдаа яадаг юм гэж бодоод.

– Хэдэн хүүхэдтэй вэ?

Хоёр.

– Таны үеийнхний тухайд хоёр хүүхэд цөөхөнд орно шүү, тийм ээ? 

– Тийм ээ, тийм, тэр миний том алдаа.

– Яалаа гэж? Төрөхийг эмэгтэй хүн шийддэг биз дээ?

– Манай авгай болохоор намайг л шийдсэн гэж яриад байгаа ш дээ /инээв/.

– Та тэгвэл гэрийн босс байх нь. Хүүхдүүд чинь юу хийцгээж байна вэ?

– Босс болох цагтаа л болохоос биш дандаа босс байж чаддаггүй. Нэг хүү хамт ажиллаж байна. Нөгөөх нь сурч байгаа.

– Таны түүх намтарт бас нэг сонин өнцөг байдаг билээ. Таны аав, гэргийн чинь аав хоёулаа хэлмэгдэж явсан гэдэг. Үнэн үү?

– Манай аав хэлмэгдээгүй, жинхэнэ коммунист. Одоо ч амьд сэрүүн, 85 настай хүн бий. Харин хадам аав Б.Нямбуу социализмын үед Ю.Цэдэнбал тэргүүтнийг шүүмжилснийхээ төлөө буруутаж, нутаг заагдан цөллөгдөж явсан. Миний хадмууд сайн хүмүүс байсан, би тэдэнтэйгээ маш сайхан харилцаатай байлаа.

– Гэргий тань ямар мэргэжилтэй вэ? 

– Уг нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер боловч мэргэжилдээ сонирхолгүй байсан. Одоо миний хийж чадахгүйг хийгээд цуг ажиллаж байна.

– Та нарын үед ёстой хайрлаж дурлаж, романтик захиа сэлт бичиж байж гэр бүл болдог байсан. Залуу насны гал цогтой тэр өдрүүдээ дурсаач? 

– Бид хоёр ч нэг их айхтар захиа бичилцэж бариад байсан юмгүй. Танилцаад л их амархан суучихсан ш дээ. Тэр үед 25, 26 настайдаа гэрлэх бас ч гэж хожууд тооцогддог байсан. Байр, орон байхгүй, ёстой л чемодантайгаа нийлж, айл амьтны өрөө дамжиж амьдралаа эхлүүлсэн. Сүүлд тоолоход 9 удаа нүүсэн байдаг. Тэгж байж нэг юм байртай болсон. Бүгдийг л хоёулаа босгосон доо. Ерэн оны үед романтиклах боломж тааруу байсан байх. Одоо л тэр цаг ирж байна.

– Хоринзургаан нас гэдэг бас ч гэж өөрийн гэсэн хэмжүүр, гоо сайхныг үнэлэх үнэлэмжтэй болчихсон үе. Гэргийн тань юу таны сэтгэлийг хамгийн ихээр татаж байсан бол? 

– Хүмүүс бие биенээ олно гэдэг хүсэл мөрөөдөл, идеалаа олж байна гэсэн үг шүү дээ. Эхнэрээ хараад л алдаж болохгүй, дахиад олдохгүй хүн байна гэж шууд бодсон. Тэгээд л гүйсээр байгаад суучихсан. Над шиг сайхан эхнэртэй хүн ховор л байх, би ерөөсөө азтай гэж өөрийгөө боддог. Гуч гаруй жилийг хамтдаа өнгөрөөлөө. Гэр бүлд алдаа оноо, хэрүүл уруул зөндөө гарна, гэхдээ бид хэзээ ч нэг нэгнээсээ уйдаагүй. Бид хоёрын ярих юм ерөөсөө дуусдаггүй ш дээ. Миний эхнэрийг Жавхлан гэдэг, ухаантай боловч дэндүү юмны ард суудаг зантай. Тэр ч сайхан юм биш байх. Гэхдээ гурвын гурван эр хүнийг залаад чиглүүлээд, учрыг нь олоод явна гэдэг маш хэцүү ажил. Социализмыг ч үзлээ, ардчилал, амьдралын бэрхшээлийг ч хамтдаа туулж байна. Амьдралдаа хийж бүтээсэн бүхэн минь бид хоёрын л юм.

– Гоо сайхан гэж юу вэ? Тэр хэзээ хамгийн тод гэрэлтдэг бол?

– Их энгийн юмыг хэлнэ байх. Цаанаасаа утга учир нь ундарч, цаг хугацаанд элэгдэж хуучирдаггүй аливаа үзэгдэл, юмсын жинхэнэ сайхныг нь хэлэх болов уу.

 

– Сонгодог урлаг, сонгодог утга зохиол гээд хүн бүр л бэлэн зэхээний ярьцгаадаг. Мөн чанартаа хүн төрөлхтөн сонгодог гэдгийг юугаар үнэлж, цэгнэж, ангилан ялгаж ирсэн юм бэ? Классик гэгдэхийн тулд ямар шинж чанартай байх ёстой юм?

– Хүний тухай, хүний мөн чанарын тухай сэдэв бол сонгодог сэдэв юм. Тийм ч учраас 50 жил, 500 жил өнгөрсөн ч, дэлхийн хаана ч, хэн ч уншсан нийтлэг, сонирхолтой, хэрэгцээ хангахуйц байж чаддаг.

– Тэгвэл сонгодог зохиолчдоос хэнийг таашаадаг вэ?

– Би уран зохиолын сайн уншигч биш. Намайг бодвол миний хань илүү сайн уншигч.
Би нийгмийн зөрчил, проблемийг тайлбарласан, түүнийг хэрхэн ил болгох вэ, юу хэрэгтэй вэ гэдгийг эрж хайж явдаг хүн. Сэдэв хайдаг гэх үү дээ. Эрхэлж байгаа ажил маань ч нөлөөлсөн байх. Бүх номыг уншиж дуусчихаад, за хө, энийг орчуулж хэвлэнэ гэхгүй ш дээ. Эргэн тойрон мэргэжлийн хүмүүс ч олон байна, тэдэнтэйгээ ярилцана. Ихэнх юмаа Герман талаас авдаг. Сүүлийн үед, жишээлбэл, Толстойн өгүүллэгүүдээс ганц нэгийг хараад шүтээд сууж байна. Толстой ч агуу амьтан байсан юм байна аа гээд. Манайх орчуулж, хэвлэсэн түүний хэд хэдэн ном бий. Ялангуяа сүүлд манайд орчуулагдсан богино өгүүлэгийг хүн бүр авч уншаасай. Гурван жилийн өмнө гэхэд би Гамлетаар өвчлөөд явж байв. Ерөөсөө одоо л Гамлетыг тавихгүй бол болохгүй, Гамлетыг ийм үед л улс орнууд тавьдаг юм байна гээд тэр санаагаа бичээд Драмын театрт очиж Н.Сувд гуайтай уулзаж хэлж байсан. Харамсалтай нь, тэрээр манайх энэ жил өөр ажил төлөвлөчихсөн байгаа, Гамлетыг тавьж чадахгүй гэсэн хариу өгч намайг буцаасан. Тэгсэн чинь удаж төдөлгүй Гамлет тавигдахаар болж сургуулилж байна гэж сонсдог байгаа.

– Тэгээд үзсэн үү?

– Үзээгүй. Тo be or not to be гэдэг алдартай бөгөөд гол монологийг “Орших уу, эс орших уу” гэж хуучин хэвээр нь орчуулсныг нь хараад л гутарсан. Тэгж тавихыг нь мэдэж байсан учраас ч өөрийн биеэр очиж санал тавьсан хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл 3 цаг гаран тайзан дээр Гамлетыг тавих явдал цаг үеэсээ хоцорч байгааг, тавилтын шинэ хэлбэр үгүйлэгдэж байгааг л мэдэрч байсан юм. Хамгийн гол нь Гамлетын монолог дээр түлхүү юм хийх байсан. Жишээ нь би чамаас асууя л даа, нөхөр чинь чамд арга ядахдаа, “Чи хүний эхнэр шиг бай л даа Урнаа минь!” гэж хэлбэл чамд юу бодогдох бол? Эсвэл хэн нэг нь чамайг хүн шиг бай л даа гэвэл чамд эвгүй сонсогдох байх даа?

– Үгүй. Гомдмоор санагдана.

– Тo be or not to be гэдэг нь энэ тухай асуудал болохоос зүгээр л орших, оршихгүйн тухай биш юм шүү дээ. Тэр ч байтугай чи байвал байсан шиг бай л даа, битгий ингэж хоёрын хооронд бай гэж бид ярьцгаадаг биз дээ. Бидний амьдралд яг тулж ирчихээд байгаа асуудал энэ биш юм уу. Хүнийг яг яалгах гээд байгаа юм? Хүнийг үхээнц биш байлгах, хоёрын хооронд явахыг шившиглэж байгаа хэрэг шүү дээ. Байвал байсан шиг байцгаая гэж өнөөдрийн монголчуудад хэлэх ёстой байгаа юм. Эсвэл оршвол оршсон шиг орш гэж хэлэх ёстой юм уу?  Үгүй шүү дээ. Утга нь алдагдсан орчуулга байхгүй юу. Ийм гоё үгийг гүнзгий утгатай монологоор нь дагнаж болох байсан. Тэгсэн яасан, социализмын үеийнх нь орчуулгыг тэр чигээр нь аваад хэрэглэчихсэн. Социализмын үед өөрөөр орчуулах боломжгүй ч байсан байж мэднэ.

– Тэгэлгүй яахав. Ингэхэд таныхаар амьдрах, орших хоёрын хооронд хэр хол зай байдаг бол?

– Оршино гэдэг чинь үхмэл юмыг хэлнэ. Дорнод аймаг зүүн хязгаарт оршдог гэж хэлэхээс биш Дорж Дорнод аймагт оршдог гэж хэлдэггүй биз дээ.

– Одоо яг ямар ном уншиж байна вэ?

– Достоевскийн “Идиот”-оор өвчлөөд байгаа. Хүний мөн чанар, сэтгэлийн нарийн ширийнийг 100 гаруй жилийн өмнө л ингэж гаргаж байсан байна. Ийм бүтээлийг шедевр гэхгүй өөр яах билээ. Ж.Баатарын орчуулгаар манайх гаргах гэж байгаа. Хэвлэлд оруулахаас нь өмнө би уншаад дуусч байна. Ийм хүнд зохиол ингэж сайхан уншигдаж байгаа болохоор манай редакторууд сайн ажилласан байна гэж би сэтгэл хангалуун байгаа. Чи заавал уншаарай. Удахгүй гарна.

– Монгол зохиолчдоосоо хэнийг үнэлдэг вэ?

– Мэдэхгүй. Чиний асуулт бодвол нийгэмд хэрэгтэй сайн зохиолчийн тухай асуулт байх, тийм үү. Тэгвэл миний үнэлэмжээр өнөөдөр Монголд тийм зохиолч харагдахгүй байна. Сайн зохиолч гэдэг тухайн нийгмийнхээ асуудлыг гүн гүнзгий ухаарсан, ойлгож, бичиж чаддаг, нийгэмд гэрэл гэгээ болж хүмүүсийг араасаа дагуулсан, зохиол бүтээлийнх нь тухай нийтээрээ ярьж бичдэг хүмүүсийн тухай чи асууж байгаа байх. Бид бүгдээрээ тийм л зохиолч хүсч байгаа. Түүнээс биш бушуухан нэг юм бичээд, хэвлээд, зараад хэдэн төгрөг олдог, хувиа хичээсэн хүнийг зохиолчийн түвшинд би л лав авч үзэхгүй. Хаа очиж социализмын үед зохиолчид байжээ. Сайн зохиолчид бушуухан гарч ирээсэй, хамтарч ажиллах юмсан.

– Ямарваа нэг зүйлийг шүүмжилье л гэвэл сул тал байж л байдаг. Сайн талыг нь олж харъя гэвэл бас байдаг. Яаж харахыг хүсэхээс шалтгаалдаг эд гэх үү дээ.

– Хэтэрхий ийм идеалгүй байх нь хаашаа ч юм…
Тэгж яривал би өөрийгөө их идеалтай хүн гэж боддог ш дээ. Зарим найзууд маань, юу дутлаа гэж ингэж олон долоон юм ярьж явдаг юм гэдэг л юм. Би Монголд соён гэгээрэл авчирч, боловсролыг өөрчилж чадна гэсэн идеалтай. Надаас өөр ингэж бодож байгаа хүн хаана байна, олох юмсан? Чи тийм хүнтэй уулзаж байв уу? Гэхдээ аливааг хийхдээ болох, болохгүйг олж харах чадвартай байх нь чухал байх. Миний идеалд хүрээгүй л бол би сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. Шүүмж амин чухал. Сайн тал багасах тусам улам их шүүмж хэрэгтэй.

– Наадах чинь перфекционист үзэл юм биш үү? 

– Би тийм ч перфекционист бас биш ээ.
Монголд үнэхээр бүх салбарт мэргэжлийн шүүмжлэгч, судлаач, критик байхгүй нь үнэн. Тиймээс ч ялангуяа урлагийн салбар урагш ахихгүй байгаа юм шиг санагддаг.

– Танд боломж байна, сэтгэл байна, та ядахдаа утга зохиолд критик нэвтрүүлээч?

– Ажиллаж байна. Маш олон утга зохиол судлаач, шүүмжлэгч нартай хамтарч ажиллахаар эхлэлээ тавьж байна. Ноднин шүүмжийн уралдаан зарласан.

– Та юуны фанат вэ?

– Яг юуны гээд онцлоод хэлчих гэхээр мэдэхгүй. Дуртай юм гэвэл олон доо. Энэ дэлхий дээр гоё сайхан юм яасан их юм бэ гэж эхнэр бид хоёр заримдаа ярьдаг. Тэр болгоныг үзэж хараад, идэж уугаад, эдэлж хэрэглээд ч барагдахааргүй тийм их гээч. Гоё байгаа биз! Гоё кино үзээд хүн биширнэ, гоё ном уншаад бодлогоширно, гоё хөгжим сонсоод уярдаг, гоё хоол хийж идэх, хааяа пиво уух сайхан гээд л.

– Амьдралын сайхан нь учрахдаа байдаг гэх. Амьдрал дахь олон учрал дундаас мартах аргагүй, онцгой сэтгэгдэл үлдээсэн хүн байдаг уу?

– Юмыг аль нэгнээс нь онцгойлж ярих тун хэцүү. Хүний амьдралд сэтгэгдэл төрүүлсэн учрал зөндөө л байдаг байх. Тэр дундаас онцгойлох хүн гэвэл ганцхан миний хань л байна даа.

– Таныхаар хүний агуу чанар юунд оршдог вэ? 

Байсан шиг байх.

Ярилцсан М.Уранчимэг

/Гранд сэтгүүл №62/

2016 оны 3 сарын 14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Up Next:

Эрдэмтэн, профессорууд аа, Та нар хаа байна аа?

Эрдэмтэн, профессорууд аа, Та нар хаа байна аа?