Ж.​Батсуурь сайд яагаад огцорсон бэ?

Ж.​Батсуурь сайд яагаад огцорсон бэ?

Манайд төрийн албан тушаалтныг огцруулахаас өмнөх өдрүүдэд хэн оронд нь очих бол, оронд нь очих хүний оронд бас хэн очих гэж байгаа бол гэсэн амттай нь аргагүй яриа нэг хэсэг явж байснаа сүүлдээ хэн ч байсан яахав дээ болж орхидог.

Саяхан Боловсролын сайд огцорч шинээр сайд тавигдчихлаа. Гэхдээ энд хэн нь ирж, хэн нь явж байгаагаас илүүтэй, цаана нь юу болоод өнгөрч байгаа нь л сонирхууштай байгаа юм. Хүн халж сольж байгаа шийдвэрүүдийг ажил хэрэгч байхын аргагүй ерөнхийлдөг учраас хүмүүс учир битүүлэг яриагаар л энэ улсад чиг баримжаа авч явна даа. Дараах гурван шалтгааны аль нэгээр энэ удаагийн сайдыг огцруулсан байж болох тухай яригдлаа:

Нэгд: Сайд мөнгөө гүйцээж төлөөгүй

Хоёрт: Сонгуульд зориулсан намын шийдвэр байсан

Гуравт: Орлогч сайд жинхэнэ сайдаа “жийсэн”

Эдгээрээс чухам аль нь сайдыг унагах жинхэнэ шалтгаан болсон байж болохыг лавшруулж харах юм бол боловсролын өнөөгийн дүр төрх тодорно гэж хэлж болно. Цаг үеэ бодсон ч эхлээд мөнгөний асуудлаас эхлэх нь зүйтэй байх.

Сайд мөнгөө төлсөн, төлөөгүй

Мөнгөний асуудал дээр амласнаа төлөлгүй унжсан л бол хаана ч, хэзээ ч шударга бус! Хэлсэндээ хүрдэггүй хүнийг гэмт хэргийн ертөнцөд ч хатуу цээрлүүлдэг. Тиймээс үүн дээр түүнийг сайдаас огцруулсантай нь би ч бас санал нэгдчихмээр санагдлаа.

Уг нь сайд хүнийг эрхэлсэн ажилдаа эзэн, төрийн хүндтэй албыг хаших чадвартай байсан эсэхийг түүнийг албан ёсоор огцруулсан дүгнэлт яв цав хэлээд өгчих учиртай сан. Гэвч ингэсэнгүй.

Мөнгөөр албан тушаал авч өгөлцдөгөөс болоод хэн нэгнийг албан тушаалаас ховхолно гэдэг тун ч эмзэг сэдэв болсон. Амласнаа биелүүлчихээд байхад, ажлын хариуцлага энэ тэр гээд аар саар шалтаг эрж хайгаад байх нь одоо цагт хөндлөнгийн хүнд ч сайхан санагдахаа байжээ.

Хүмүүсийн ингэж бодоод сурчихсан нь бид төрийн албыг улаан цайм шулуухан наймаалцдагийнх шүү дээ.

Нүүрэн дээрээ л өөр юм ярьдаг болохоос үнэ ханш нь нэгэнтээ тогтчихсон, хүмүүс ч тусгай хууль журам гэлтгүйгээр өөр хоорондоо ойлголцоод, өгч авалцаад болоод бүтээд байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн гэсэн үг.

Тэгээд ч сүүлийн үед бэлээхэн бичлэг энээ тэрээ гарч ирээд энэ ойлголтыг бүр ч сайхан шулуунд нь гаргаж байна. Энэ байдал мөддөө арилахгүй гэсэн бодол ч хүмүүсийг хувь тавилантай нь эвлэрүүлж аминчхан бодолд нь умбуулсаар байна. Тэгэхээр сайд хүн ч нийтийн жишгийг дагаад амласан мөнгөө өгөх, эсвэл албан тушаалаасаа бууж бусдад зай тавьж өгөхөөс өөр яах вэ дээ.

Нам чамайг мэднэ!

Сайдыг ажлаас халах хуралдаан дээр УИХ гишүүн АН-ын Б.Пүрэвдорж: “Боловсролын сайд Ж.Батсуурийг огцруулахыг би яавч дэмжихгүй, та нар хамгийн ядарсан нэгнээ огцруулж байна. Би хоёр сарын өмнө хоёр хүн нас барсан асуудал дээр хамгийн бололцоотой танай намын нэг сайдыг огцруулъя гээд дийлээгүй, та нар түүний толгойг илээд авч үлдсэн, бүр ямар ч хариуцлага тооцоогүй. Ингэж та нар нэгнийгээ алаг үзэж болдог юм уу?” гэж МАН доторх хүн чанарын талаар ам асуужээ. Гэвч намын шийдвэр эцсийнх, нам чамайг мэднэ гэжээ.

Намын дарга, хүнлэг ёсны дээгүүр алхаж улс төрийн нүүдэл хийхдээ бүхнийг нарийн тооцож төлөвлөсөн байж таарна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шударга ёс, намын хариуцлагын төлөө өөрөө өрсөлдөөнд орсон намын дарга ганц сайдыг золиосолж, сурталчилгаа явуулах гэдэг гайхах зүйл ердөө ч биш.

Хэн хэнийг жийв

Төрийн албан хаагчид худлаа тангараг өргөдгийг болиулмаар юм. Өнөөдөр төрийн албан хаагчидтай хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй атал ийм жүжиг тавьж байдаг нь бүр юу ч хийхгүй байснаас долоон дор гэж үзэх цаг болсон байна.

Гол нь манайд төрийн бодлого байдаггүй учраас төрийн албан хаагчид юу эсийг хийх вэ дээ. Юу ч хийлээ гэсэн тэднийг буруутгах үндэслэл үнэндээ байхгүй.

Бодлогын баримт бичгүүд нь ажил хийх гэж байгаа юм байна гэж харагдуулахаас биш, дотроос нь ажил хийе гэсэн зорилго огт үнэртэхгүй. Хүнд хэчнээн хүсэл сэтгэл байвч, төр түмний ажилд үнэнч зүтгэх ямар ч түлхэц нөхцөл байхгүй, тиймээс ч өнөөгийн төрийн байгууллагуудад олонх нь сурсан мэдсэнээ чин шударгаар ашиглах боломжгүй болсныг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэглээ гээд төрийн бодлого гээчийн үнэр ч үгүй газарт яамны сайд гараа эвхээд зүгээр суухгүй нь мэдээж, дөрвөн жил ямар нэгэн ашигтай зүйлд өөрийгөө зориулсан байж таарах ёстой хүмүүс шүү дээ, тэд нар.

Ж.Батсуурь сайдыг бодвол овсгоо нь дэндсэн өмнөх хоёр сайд, хамгийн өндөр орлоготой хувийн ЕБС-ийн төлөө хамаг бүхнээ зориулжээ. Үнэмшихгүй бол тун удахгүй болох Л.Гантөмөрийн хийсэн ажлын үр дүнг буюу байгуулсан сургуулийнх нь нээлтийн баяр ёслол дээр түүний юу хийж бүтээснийг нь очоод хараарай.

Харин нөгөө намынх нь сайд болох Ё.Отгонбаяр Кембрижийн гэгдэх сургуулиудаа менежмэнтийн хувьчлалд оруулах ажлаа үргэлжлүүлэх санаатай Ж.Батсуурь сайдтайгаа өдөр шөнөгүй хэрэлдсээр байж унагаж авсан бололтой. Харин Кембрижийн хөтөлбөр монголын боловсролд ямар ч ирээдүй авчрахгүй гэдгийг мэдсээр байж чив чимээгүй огцроод явсан сүүлийн сайдыг ч би ойлгоогүй.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд багаасаа ингэж эрх баригчдын идэвхтэй оролцоотойгоор хоёр өөр ертөнцийн амьдралд дасаж, баян ядуугаараа хуваагдан цаашид ч тус тусдаа таарсан “боловсрол эзэмших” явдал манайд улам эрчимжих боллоо.

Ийм сургуулиудын цаад эзэд дандаа эрх баригчид байдгийг бодож үзэх ёстой, тэдэнд боловсролыг даатгана гэдэг “чононд хонь хадгалуулж байгаа юм шиг” хүртэл заримдаа санагдах юм.

Р.Энхбат

2017-08-01

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Up Next:

#ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХҮЙ!

#ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХҮЙ!