Цахиагийн Элбэгдоржийн “БУЛЛШИТ”

Цахиагийн Элбэгдоржийн “БУЛЛШИТ”

Саяхан Ц.Элбэгдоржийн оролцсон 25-р суваг ТВ-ийн “Ам нээвэл” нэвтрүүлгийг үзлээ.

Түүний яриа бүхэлдээ өөрт нь үйлчилдэггүй хууль журам руу чиглэгдсэн бөгөөд  тэр өнөөдрийн хүчин төгөлдөр аль ч хуулиар хариуцлага хүлээхгүйгээ мэдэх төдийгүй, түүндээ ихээхэн итгэл үнэмшилтэй байгаа, мөн өөртэй нь холбоотой ямар ч хэл аманд өчүүхэн төдий ч цочирдож торохгүйгээр эсэргүүцэл үзүүлэх бэлтгэлтэй байгаа шинжтэй харагдлаа.

Өөрөөр хэлбэл, айдаггүйгээ авдрандаа хийсэн хүний дүртэй ч гэх юм уу.

Нийгэмд  өнөөдөр шударга ёсыг гажуудуулсан маш олон хууль үйлчилж байгаа, мөн байгаа хуулиа дээгүүрээ мөрдөхгүй байгааг ойрын өдрүүдийн үйл явц бодитоор харуулсаар байна. Хуулийг шударга ёсонд биш, цөөн тооны хүмүүсийн эрх ашигт нийцүүлдэг болохоор манайд иймэрхүү эрх ашгийн зөрчилтэй, захиалгаар хийгдсэн, нэг ёсондоо шударга бус, ёс суртахууныг гээгдүүлсэн хууль журам олон арваараа төрсөөр байгаа юм.

Нэгэнт буруугаар эргэчихсэн улс төр, нийгмийн харилцааг засахын тулд үндсэн хуулийн суурь үзэл санаагаа хүртэл эхнээс нь авч үзэхээс эхлэнэ гэхэд хилсдэхгүй болчхоод байна.

Гэхдээ өчүүхэн төдий ч хойш тавьж боломгүй зүйл бол одоо ЦАГ ХУГАЦАА

Нийгмийг цаг алдалгүй хог новшноос нь цэвэрлэж, зөв голдрилд нь оруулах ажлыг эртхэн эхлүүлэхгүй л бол буцаад өнгөө хувиргасан шударга бус тогтолцоо гарч ирэх, эсвэл нийгмийн эмх замбараагүй байдал гарах магадлал тун өндөр. Үүнээс л хүмүүс айж байна.

Олон нийтэд одоо цаг хугацаатай өрсөлдөн явуулах суурь өөрчлөлтийн төлөөх тэмцлээс илүү итгэл найдвар төрүүлэх зүйл байхгүй болсон. Тиймээс л цаг хугацааны үнэ цэнэ хамгаас чухал болчихоод байна.

Гэтэл Ц.Элбэгдоржийн ярилцлагын гол зорилго нь яг энэ итгэл найдварын эсрэг цаг алдуулах, хүмүүсийг алмайруулах, тайвшруулж саармагжуулах, жижиг сажиг хуулийн өөрчлөлт, юухан хээхнээр улс орны том хэмжээний өөрчлөлтийг хурууны үзүүрээр шахам амархан хийчхэж болох тухай зөвлөх гэсэн санаа байв уу гэсэн бодол төрж байв.

Улс оронд байж болох бүхий л дээд албан тушаалуудыг хашиж явсан энэ хүний өнгөрсөн хугацаанд хийж бүтээснийх нь үр дүн гэвэл монголчууд бид улс орноороо өрийн сүлжээнд, алхам алхмаар гадна дотнын хөрөнгө мөнгөтэй этгээдүүдийн эрхшээлд орсоор байгаа явдал юм. Үүнээс илүү тодорхой жишээ гэж хаана байх юм бэ?

Харамсалтай нь, эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох хуулийн механизм байхгүйг мэддэг мань Ц.Элбэгдорж  тохуурхсан шинжтэй хуулийн зүйл заалт, заавар зөвлөгөөгөө хэлэмгий доломгой гэгч ярьсаар бараг бүтэн нэг цагийг барав.

Дахин хэлэхэд, Ц.Элбэгдоржийн олон нийтэд сурталчлаад байгаа асуудлын гол гогцоо нь нийгэмд арай ядан үүсэх аядаж буй эрүүл уур амьсгалыг намжаан дарах, нийгмийг цааш шударга ёсны дагуу бус, өөрсдийн бий болгосон хуулийн хүрээнд захируулсан хэвээр үлдээхийг  хүсэмжилж байгаатай холбоотой.

Энэхүү ярилцлагын явцад доог тохуу болгож байсан “Уугаагүй архиндаа согтох”, “Нэг нэгнийгээ мэрэх” гэсэн зориуд бэлтгэсэн илэрхийллүүд нь өнөөгийн шудрага бустай хийх тэмцлийн хүчийг сулруулах, энэ үйл хэргийн төлөөх хүмүүсийн эх оронч сэтгэлийг хүн чанараа алдагсад, хүний мууд дурлагсад болгохыг зорьж байв.

Түүн шиг уран цэцэн үгээр тоглож хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж явдаг улс төрчид хаа сайгүй байдаг гэнэ.

Харин ингэж ярьдаг арга барилын талаар нарийвчлан судласнаа Принстоны их сургуулийн профессор Харри Франкфурт, хориод жилийн өмнө On bullshit хэмээх номдоо бичжээ. Энэ номын гарчгийг монголчилбол үхрийн баас гэхээс илүү нохойн баас гэж дүйцүүлж болохоор ч юм шиг. Гэхдээ энэ номын нэрийг Монсудар хэвлэлийн газраас орчуулалгүй гаргахаар шийдвэрлэсэн юм.

Уг нь бол хэнд ч хэрэггүй юм ярихыг нохойн баастай зүйрлүүлсэн хэрэг л дээ.

Зохиогч энэ номдоо үнэнийг нуун дарагдуулах зальжин аргын нэг бол, ялангуяа улс төрчдын хувьд, авч ч болохгүй, хаячихаж ч болохгүй юм ярих явдал гэжээ. Ийм хэв шинжинд орсон хүн, үнэнийг хэлэх бололцоо гарсан ч хэлэх огтхон ч хүсэхгүй болсонд хамаг учир байдаг. Ингэж үнэнийг ор тас үгүй хийж байгаагаараа Буллшит бол худал хэлэхээс ч дор, илүү хортой зүйл гэсэн байна.

Бид улс төрийн Буллшиттэй байнга тулж байгаа энэ цаг үед “нухацтай сэдэв” гурав дахь цувралаараа хэл ярианы соён гэгээрэлд  зориулж энэхүү бяцхан номыг уншигчиддаа барьж байна.

Р.Энхбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Up Next:

Зуунаар хоцрогдсон Монголын боловсрол

Зуунаар хоцрогдсон Монголын боловсрол