НОМ УНШИХ УУ, КИНО ҮЗЭХ ҮҮ?

КИНО ТӨСӨӨЛЛИЙГ ГҮЙЦНЭ ГЭЖ ҮҮ…

Ном унших уу, кино үзэх үү гээд “сонгууль” явуулбал дүрстэй, дуутай кино нь ялна гэж олон хүн хариулж магадгүй. Гэхдээ хариуг нь шууд хэлэх гэж яарах хэрэггүй. “Юманд учир, суманд гичир бий” гэдэг дээ. “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбатад энэ асуултыг тавихад хариулт нь бэлэн байлаа.

-Маш олон ном зохиол кино болж гарсан. Сайн кинонууд бий. Гэхдээ хүмүүс ихэнхдээ “Кино нь номоо гүйцэхгүй байна гэдэг” хэмээн тэр хэллээ.

Яагаад тэр билээ? 

Кино урсаад өнгөрдөг, зарим хэсгийг нь ойлгоно, заримд нь эргэлзэнэ. Харин номыг бол уужуу тайван, давталттайгаар уншиж болдог. Телевизийн нэвтрүүлэг үзэх болон сонин уншихад ч энэхүү давуу болон сул тал үйлчилдэг шүү дээ. Дүрс, дуутай “амьд” хэлбэр хүнд илүү хүрэх юм шиг санагдах байх л даа. Кино богино хугацаанд ихийг харуулах ёстой учраас зохиолыг товчилдог. Хүмүүс эх зохиолыг мэдрэхийн тулд номыг илүү “амталдаг”. Ном уншиж байгаа хүний төсөөллийг үнэндээ ямар ч кино гүйцдэггүй шүү дээ. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудыг төсөөлдөг ажээ. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэсэн нь учиртай. Тэрбээр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн юм. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодох явцад хүн өөрчлөгдөнө гэнэ шүү.

Ном унших, уншсанаа мэдрэх, төсөөлж сургахын тулд хүүхдийг багаас нь бэлтгэх учиртай. Хүн ном уншиж сурсан эсэхээс олон юм хамааралтай. Хүүхэд анх зургийг “уншиж” эхэлдэг. Зураг ойлгоно гэдэг хожим хүүхэд уншиж сурах бааз суурь бүрдэж байгаа хэрэг. Зурагт номыг хүүхэдтэйгээ хамт уншиж, ярилцаж, төсөөлөх нь эцэг эхчүүдийн хүүхдэдээ оруулж байгаа их хувь нэмэр юм. 

Хүүхдүүдэд зориулж сэтгэл гаргаж хийсэн зурагт номууд чухал. Харамсалтай нь манайд гадаад номуудын зургийг ихэнхдээ хуулбарлаад тавьчихсан байдаг. Монгол хүүхдэд зориулсан биш, гадаад хүүхдийн сэтгэлгээнд тохируулсан номууд элбэг. Түүнчлэн хүүхдийн номын зургийг гоёчилж хөөрхөн зурдаг. Энэ бол маш буруу хандлага. Дийлэнх нь ийм зурагтай номууд байна. Хүүхдийн жинхэнэ зурагт ном олноороо гарч ирэх хэрэгтэй гэнэ. 

“Уншина гэдэг ойлгоно гэсэн үг. Манайхан уншсан номоо ярилцах арга хэмжээ зохиох гэж оролддог. Ном уншаад ярилцах гэхээр зарим нь үйл явдлыг ярих гээд байдаг. Энэ зохиол чамд юу өгөв гэдгийг ойлгох нь ном уншиж сурсан гэсэн үг. Ном уншиж сураагүй учраас ихэнх хүүхэд хичээл номоо цээжлэх хандлагатай байдаг. Гэтэл номыг уншаад март гэдэг. Чи хоол хүнс хэрэглэж байгаатай яг адилхан ном чам руу ордог. Хоол хүнстэй адилхан чамд энерги болж очдог. Ном уншаад ямар нэг юмыг ойлгож, гүн сэтгэгдэл төрүүлсэн бол ном чамд шингэсэн гэсэн үг. Ямар нэг байдлаар хэзээ нэг цагт чиний асуудалд хандах хандлагад нөлөөлдөг. Уран зохиолын номыг ойлгож мэдэрч уншиж сурах гол болохоос биш, олон ном унших чухал биш. Дунд ангид бэсрэг зохиол, сайн өгүүллэгийг задалж унших хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл өгүүллэгүүдийг задалсан хэлбэрээр сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Нэг өгүүллэгийг хүүхдүүдээр задлуулаад маш сайн “зажлуулах” ёстой. Тэгж байж зохиолын утга учрыг мэдэж авдаг. “Ийм байвал яах вэ” гээд хүүхдүүдээр зохиолгох хэлбэрээр уран зохиолын хичээлийг заах нь үр дүнтэй аж.

УНШДАГ ХҮМҮҮС УРТ НАСАЛДАГ 

Ном уншина гэдэг бүтээлч ажил. Заримдаа номоо тэврээд унтаж орхих вий. Нойр хүргэх нь энэ удаа муу биш, сайны жишээнд дурдагдаж байгааг анхаараарай. “Уншдаг хүмүүс урт насалдаг” гэж “Ном унших арван шалтгаан”-ы эхэнд дурджээ. Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнга ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол унтаа байдалд ордог. Хүн мэдлэг боловсрол эзэмшээгүй эрт үед хүмүүс богино насалдаг байв. Харин одоо бол өндөр хөгжилтэй орны хүмүүс жар, далан нас хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санаа нь хөгшрөл, доройтолд ордоггүй нь ном уншиж, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж, маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсонтой ч холбоотой гэж үздэг байна. Ном бас “Хамгийн сайн стресс тайлагч” гэнэ. Стрессээс гарахад сонирхолтой, сайн ном тус болдог. Уншиж буй номондоо автаж, өнгөрсөн баларсныг мартаж, шинэ сэргэг бодлууд төрөх нь мэдрэлд сайнаар нөлөөлдөг гэнэ шүү. Мэдээж үгийн баялаг сайжрах гэх мэтээр ном уншихын сайн талуудыг үргэлжлүүлж болно. 

ЗУРГААН НАСТАНУУД ҮСГЭН ДОТОР ЗУРАГ “ЦОХИЖ ЯВАА” НОМ УНШИНА 

Эрдмийн өргөөний босго алхаж, уншиж сурч байгаа нэгдүгээр ангийн хүүхдэд ямар ном санал болгох вэ гэсэн асуултад “Унших чадварын янз бүрийн түвшинд зориулсан ном гаргаж байна. Нэгдүгээр ангийнхан зарим үсгээ үзэж дуусаагүй байдаг учраас зураг, үсэг хольж уншдаг ном гаргасан” хэмээн тэр тайлбарлав. Унших чадвараар нь нэгээс дөрөвдүгээр түвшин хүртэл ангилаад, түвшин ахих тусам зураг нь багасдаг ном хийж эхэлсэн гэнэ. Хүүхэд бүх үсгээ нүдэлж гүйцсэн үед богинохон тексттэй, зурагтай, хүүхэд өөрөө уншиж ойлгоод баясах хэмжээний ном уншуулах учиртай.

Р.Энхбат: Монгол Улс эх хэлний бодлогоо алдчихсан, төр нь ч тоохоо больсон шүү дээ

“Монсудар” хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбаттай эх хэлний хэрэглээ, соёлын асуудлаар ярилцлаа.

-“Монсудар” хэвлэлийн газраас саяхан хүүхдэд зориулсан “Монголын нууц товчоо” ном гаргажээ. Уншигчид ч ам сайтай байна. Тэгэхээр хоёулаа “Нууц товчоо” болон өв соёлд хандах хандлагын тухай, өв соёлоо хэрхэн хадгалж хамгаалах талаар ярилцах уу?

-Б.Төрмөнх, Батцэцэг бид гурван жилийн өмнөөс ярьсаар өнөөдөр хэвлэлтээс гаргалаа. Бидэнд хүчтэй эсэргүүцэл ирэх болов уу гэж бодсон чинь тийм биш, иргэдэд ийм ном хэрэгтэй байж. Өөрөөр хэлбэл монголчууд өв соёлоосоо хөндийрчихсөн, тахин шүтэх эд болгочихсон байна. Тэр нь ил биш далд оршиж байж. Хүүхдүүд багаасаа анд бололцох нь ямар утга учиртай вэ, харилцааг ямар түвшинд хүргэх вэ, яаж амьд явах вэ гэдгийг хүртэл багаас нь суулгаж байсан. Дараагийн уулзалт болзоог тогтоохдоо хүртэл өдөр, цаг, гараг, уул усны нэршлийг ой ухаанд нь хэрхэн суулгах вэ. Түүнийгээ хэрхэн санагалзах зэрэг шууд хүмүүжилд нөлөөлөх үг хэллэг, дүр зураг, соёл өв уламжлал байсан юм.  Түүнийг л нээж, хүүхдийн сэтгэхүй, бодлоор дамжуулан илэрхийлэхийг, танин мэдүүлэхийг зорьсон, олон жил ярьсан том төсөл. 1990-ээд оноос хойш Монголд лам, бөө хоёроос илүү зүйл үгүй байлаа. Мухар сүсэг гэгчид бүгд автсан. Юун их соёл, юун шинжлэх ухааныг үгүйсгэсэн ийм нэг хэсэг байсан. Үүний хажуугаар ёс заншлыг мэдэхгүй хэрнээ мэддэг юм шиг аягладаг хүмүүс олон байсан. Манай “Монсудар” хэвлэлийн газраас “Ёс заншлын тайлбар толь” гаргасан. Уг тольд эрдэмтдийг ажиллуулъя гэтэл нэг нь ч тэнцээгүй. Тийм учраас хэлбэр хөөсөн хүмүүс гэж би боддог. Одоо манай улсад ёс заншлын тухай хамгийн голтой, үнэн бүтээл бол Х.Нямбуу гуайн толь. Өөр зүйл юу ч байхгүй. Одооны энэ эрдэмтэд ямар ч мэдлэггүй. Их сургуулийн дипломыг мөнгөөр худалддаг болчихсон. Ний нуугүй хэлэхэд Ш.Чоймаа гуай монгол бичгээр хувийн бизнес хийж байна шүү дээ.

-Монгол бичгийг төрийн хэрэглээ болгох Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын хууль хүртэл гарсан. Энэ нэг сайн хэрэгжихгүй байх шиг?

-Монгол бичгийг бүх нийтээр сурах тухай хэдэн Ерөнхийлөгчийн зарлиг, хэдэн УИХ, Засгийн газрын зарлиг, хууль, тогтоол, шийдвэр гарав. Түүнээс ямар нь хэрэгжив. Гаргаж болох бүхий л хууль журмыг гаргасан. Өнөөдөр монголчууд бүгд монгол бичиг сурах уу, энэ бичгийг төрийн хэрэглээ болгох нь зөв юм уу, бидэнд үүнийг сурах чухал чадвар мөн үү, энэ нь орчин үед нийцэх үү гэдгийг бодох ёстой. Тогтоол шийдвэр, хууль болгоны цаана маш их мөнгө гарсан. Тэр мөнгө зөвхөн үүнийг ярьдаг хүмүүсийн халаас руу орсон. Магадгүй энэ нь төсөл хэлбэрээр мөнгө олох нэг хэлбэр ч байж мэдэх юм. Энэ нь бизнес болчихсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэлний хичээл орхигдчихсон. Хамгийн сонирхолгүй хичээл болсон.

-Монгол бичиг, монгол хэлний хичээл гэж заадаг. Харин энэ хичээлийг хүүхдүүд сурахгүй байгаад гол асуудал нь байгаа юм биш үү.  Сурч мэдэх нь хувь хүний өөрийн асуудал. Төр үүнийг заавал сур гээд шаардах ёстой гэж үү?

-Монгол бичиг сурч мэдэх нь хувь хүний асуудал мөн. Хэрвээ сургуульд үүнийг заа гэж буй бол энэ нь төрийн бодлогоор дамжин хэрэгжих ёстой. Тэрнээс биш хувь хүн монгол бичиг сурна гэхэд хориглох ёсгүй шүү дээ. Хэрвээ монгол бичгийг төрөөс ЕБС-д заавал заахаар оруулж өгсөн байвал үүний цаана ямар нэгэн зорилго агуулж байгаа гэсэн үг. Энэ хэрэгжих ёстой. Уламжлал, ёс заншил бол хамгийн чухал зүйл юм шүү гэдэг ойлголтоор дамжуулж хэсэг бүлэг хүмүүсийн бодож санаж буй зүйлийг тэрэн дээрээ бичээд энэ нь хэрэгжихгүй байгаа юм биш үү гэж хараад байна. Ахиад л үүнийгээ хэрэгжүүлэх гээд яваад байна. Арван жилийн дараа үүнээсээ дор байдалтай болчихсон байна.

-Үүнийг та яаж тодорхой болгох ёстой хэмээн харж байна вэ?

-Эх хэлний боловсролыг сургууль, цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөрт оруулах ёстой. Монгол хэлээрээ илүү харилцах ёстойг эх хэлний боловсрол гэж байгаа юм.  Энэ бүхэн бодлогоор хэрэгжих ёстой. Гудамжны хаяг хүртэл талаас илүү нь гадаад нэр хаягтай байна. Энэ чинь тэр хүмүүсийн буруу биш. Эх хэлний бодлого төрөөс хэрэгжихгүй байгаа учир ийм байдалтай байна. Монгол хэлний хичээл хамгийн сонирхолгүй хичээл болчихсон.

-Яагаад сонирхолгүй хичээл болчихсон гэж. Одоо ч монгол хэл, бичгийн хичээл суурь боловсролын сургалтын хөтөлбөрт байгаа шүү дээ. Харин ч илүү цагаар заадаг юм биш үү?

-Өнөөдөр эх хэлээр бичигдсэн сурах бичиг байхгүй. Тэр ном, сурах бичгийг зохиох чадалтай хүмүүс нь аль эрт үхээд дууссан. Хүүхдийн дуу, шүлэг зохиол бичдэг хүн хамгийн доод цалин авч байна. Ийм ойлголт байгаа учир хүүхэд рүү чиглэсэн зүйл хийгдэхгүй. Хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон ном, сурах бичиг байхгүй учраас том хүний дуу дуулж, том хүний кино үздэг. Хүүхдэд зориулсан сэдэв алга гэсэн үг. Гэтэл гадны орнууд хүүхдэд зориулсан зүйлсийг ямар их хийдэг юм бэ,  яасан гоё юм бэ гэж дуу алдмаар, атаархмаар. Социализмын үед төрийн бодлогоор хүүхдийн дуу, шүлгийн ном гаргаж байсан. Ингэж оюуны суурийг тарьж, хамгаалж ирсэн юм. Одоо эх хэлний боловсрол тун их үгүйлэгдэж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Төрийн хэлний бодлогын зөвлөл гэж бий. 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”-аар 2021 он гэхэд бүх албан байгууллагууд гадна хаягаа монгол бичгээр бичих заалт орсон. Ийм зүйлсийг бодлогоор хийж байгаа нь хүчгүй сул гэж үзээд байна уу, эсвэл буруу гэж үзээд байна уу?

-Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн хэлний бодлогын зөвлөл Ц.Элбэгдоржийн үед юу ч хийгээгүй, одоо ч хийдэггүй хэвээрээ байгаа. Тэр байтугай ямар нэгэн юм хийе гэхэд хариу ч өгдөггүй ийм л газар. Тэд нартай би олон удаа харьцаж байсан. Тэд монгол хэлийг хөгжүүлэх сэтгэл, зүтгэл байхгүй.

-Хийсэн зүйл гэвэл Хэлний бодлогын зөвлөлөөс эрхлэн гаргасан “Монгол хэлний толь” байна. Үүнийг бүх нийтээр дагаж байгаа. Энэ ажил биш гэж үү?

-Хэлний бодлогын зөвлөлийн хийсэн ажил нь уран бичлэгийн уралдаан л зарладаг. Тэр толийг манайх лав дагахгүй. Тэгж ярих юм бол зөв бичгийн толийг бид анх гаргасан. Монголчууд бүгд нэг дүрмээр бичих хэрэгтэй гээд бүх мэргэжилтнүүдийг цуглуулаад зөв бичгийн дүрэмтэй, тольтой болох гээд суусан. Ярьж тохиролцоод яг гаргах гэсэн чинь тухайн үеийн Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр гэдэг хүн дундуур орж ирээд тасалдуулсан. Хийсэн ажил нь 700 үг журмалсан. Тэр 700 үгээс улбаатай мэргэжлийн бүх салбарын үг, хэллэгүүд замбараагүй болчихсон. Тэр алдааг хэлэхээр тоогоогүй. Хүчээр гаргаад монгол хэлийг самарчихсан. Өнөөх журмалсан үгсийг нь манайх гаргасан толиндоо оруулаад хэвлэсэн чинь манай толийг нуучихсан. Гэтэл тэр 700 үг болохоо байсан. Хоёр жилийн өмнө өнөөх 700 үгээ ахиад сольж Ерөнхийлөгч Х.Баттулгын таалалд нийцүүлж хэвлэсэн. Ингэж л төр монгол хэлээрээ тоглож байна даа.

-Таны хэлсэнчлэн монгол хэлний олон толь гарч байгаа ч бид тавин жилийн өмнөх Ц.Дамдинсүрэн гуайн толийг л гол болгодог хэвээрээ?

-Уучлаарай хө, Ц.Дамдинсүрэн гуайн толь одоо үеэ өнгөрөөсөн. Тавин жилийн өмнөх ганц толиор монгол хэлийг битгий хэмж. Хэл хөгжих ёстой. Би эх хэлний хөгжлийн асуудал ярьж байна. Герман улсад жишээ нь таван жил тутам таван мянган шинэ үг хэлний сангаа баяжуулдаг.  Нэг удаа С.Дулам гэдэг доктор  Гадаад яаманд болсон нэг хуралдаанд очоод үг хэлсэн. Түмэн хүн цуглачихаад байхад халим гэдэг үгний тухай гучин минут ярьсан. Гэтэл манайд халим байхгүй. Уг нь хэлний хөгжлийн тухай асуудлыг хөндөх ёстой.

-Эх хэлээ сурах ёстой хэмээн байнга ярьж, хууль гаргадаг ч дорвитой гадаад хэл, англи хэл рүү хошуурдаг. Энэ зөв үү?

-Ганцхан жишээ хэлье. Гадаад хэлэндээ сайн нэг охин Японд сурч байжээ. Эхний жилдээ гайгүй. Хоёр, гурав дахь жилээсээ сургууль, хичээлдээ муудаж эхэлсэн. Аав нь багшаас нь асуусан чинь “Танай охин эх хэлээ сайн сураагүй учраас ингэж байна” гэсэн. Тэгэхээр эх хэлээ сайн сураагүй бол  гадаад хэл сурах  хэрэггүй. Гудамжаар нэг англи хэлтэй залуучууд байна. Их сургууль төгссөн гээд ажилгүй. Тэд юм орчуулах гэхээр монгол хэлээр сайн орчуулж чаддаггүй. Эх хэлний боловсролтой хүн гадаад хэлийг сайн сурдаг байхгүй юу. Чи гадаад хүнтэй сайн ярьдаг байлаа гээд эх хэлний боловсролгүй бол энэ улс оронд хэрэггүй. Монгол хэлний тухай хууль гээд байгаа. Тэр хуульд бид саналаа өгсөн ч хүлээж аваагүй л дээ. Тэр батлагдсан хуульд бизнесийн агуулгатай заалтууд их байдаг юм. Жишээ нь Ш.Чоймаа багш МУИС-ийн төгсөх курсийн ангийн бүх оюутнууд дипломын монгол бичгийн хувилбарт гарын үсэг зурна. Өөр хэн ч биш. Нэг залууг шавиа болгоод авчихна. Түүгээрээ өөрийнхөө гаргах номын хамаг ажлыг хийлгүүлж зарчихаад дараа нь “Одоо чи миний өвийг залгамжил” гэдэг. Хайран сайхан залуугийн хөгжих боломжийг тэгж хааж боодог. Энэ бол багш шавийн холбоо биш. Өөрийнхөө замаар л оруулж байгаа хэлбэр.

-Танайд ажиллаж буй орчуулагчдийн чадвар ямар байна?

-Манай орчуулагч нар гадаадаас монгол руу хөрвүүлдэг. Бид хамгийн гайгүйг нь ажиллуулахыг зорьдог. Хамгийн бэрхшээлтэй зүйл бол монгол хэлний найруулга маш их үгүйлэгдэж байна. Орчуулга хийнэ гэдэг нэг хүний ажил биш. Олон шат дараатай. Номонд шууд ойлгогдохгүй хэсэг байвал тэмдэглэж яваад дахин засдаг. Тийм учир манай номнууд шууд бэрхшээлгүй түг таг биш шууд ойлгогдохоор хэвлэгддэг гэж би боддог. Ганц орчуулга бус болсон болоогүй номын зохиолчид, сэтгүүлчид ч үг хэллэг ядуу.

-Сэтгүүлчдийг үг хэллэг, найруулга, үгийн сонголтын хувьд ядруухан болсон гэдэгтэй санал нийлнэ. Энэ бүхний буруутан таныхаар хэн бол?

-Сэтгүүлчдийн хэрэглэж буй монгол хэлний үг үнэхээр ядуурсан. Мэдээж тийм боловсрол олгосон сургуулийн багш нарын буруу. Түүний цаад буруутан нь төр.  Асуудлыг цогцоор нь шийдье  гэхээр төр хүлээн авдаггүй, төрийн бодлого нь хүлээн зөвшөөрдөггүй. Нийгмийн харилцаа хэл дээр тогтдог. Хамгийн чухал зүйл тоо биш эх хэл шүү дээ. Хэлний боловсролыг одоо ойлгох цаг болсон. Монголд тайван амгалан байна. Ийм байгаа дээр нь эх хэлнийхээ тусгаар тогтнолыг бататгах ёстой.

Эх сурвалж: http://ulsturch.mn/.

Р.Энхбат: Одоо яншиж, гомдоллохгүй, шууд “нүд рүү нь хуруугаа хийнэ”

“Монсудар”-ын Р.Энхбат нийгэмдээ хийсэн зүйлтэй, хэлсэн үгтэй хүн. Хамгийн сүүлд ЕБС-ийн сурах бичгийн асуудлаар “бүүм” тарьснаасаа хойш тэр олны анхаарлаас холдож хөндийрчээ. Р.Энхбат хэвлэлд нээлттэй, ярилцлагын саналаас татгалздаггүй нэгэн аж. Түүнтэй олон сэдвээр ярилцах хүсэлтэй байсан ч бид цагт баригдаж, уншигчид залхахаас эмээв. Миний өмнө шуударсан, айдасгүй Р.Энхбат сууж, ярианы өнгө аясыг ч тийш нь мушгилаа.

-ЭНЭ ХЯМРАЛААР ХОЖОО ХИЙХ ХҮМҮҮС БОЛ УЛС ТӨРЧИД-

-Би таныг Монголын нийгэм дэх сэхээтэн, оюунлаг давхаргын төлөөлөл гэж хардаг. Энэ утгаараа зарим зүйл дээрх байр суурийг тань сонсох сонин байна. Цаашлаад таны ярьдаг боловсрол, сурах бичгийн асуудлыг ч хөндөх болов уу. Ямартай ч үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг та хувьдаа хэрхэн харж байна. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Нэгэнт л хоёулаа ярилцаж байгаа юм чинь би бас чамаас асуугаад явбал зүгээр байна. Жишээлбэл, намайг сурах бичиг ярьдаг гэж чи ойлгодог бололтой. Хүмүүс ч бас тэгж ойлгодог юм билээ. Яг үнэнийг хэлэхэд би ер нь бол сурах бичгийн тухай ярьдаггүй шүү дээ. Чи яг хаанаас ингэж ойлгосон бэ?

-Та хэвлэлд ихэвчлэн сурах бичгийн асуудлаар л ярилцлага өгсөн байдаг.

-Би уг нь боловсролын асуудлын нэлээд уг үндэс рүү нь орохыг хичээдэг. Гэтэл сурах бичиг л хөөцөлддөг хүн гэж ойлгодог, яамныхан тийм ойлголт тараадаг. Тэгэхээр би үнэхээр сурах бичиг яриад байна уу, ярьдаг гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлээд байна уу гэдгийг чамаас лавлаж байгаа нь тэр.

-Ярьдаг сэдвүүдээс тань хамгийн тод, сенсацтай нь сурах бичиг байх л даа?

-Өнөөдөр олон нийт хүний яриаг, ялангуяа боловсролын тухай яриаг ер бага сонирхож байна. Агуулга талд нь анхаарч сонсох чадваргүй байдаг юм уу. Гагцхүү ямар ашиг хийх гэж, юуг сурталчлах гэж, ямар бараа зарах гэж байна гэсэн өнцгөөс л хардаг. Тэгж харвал хөндөх гэж буй асуудлын голыг, агуулгыг нь ойлгож чадахгүй. Би уг нь сурах бичгийг нэг их яриагүй юм сан. Харин хүмүүс намайг хувийн хэвшлийн хүн тул бизнесийн эрх ашиг харж, сурах бичиг ярилаа гэж боддог юм шиг билээ. Үүнийг ингэж тодорхой болгохгүй бол чи бид хоёр сурах бичиг ярьсаар байгаад дуусчихвал харамсалтай.

За, одоо асуултад чинь хариулъя. Өнөөдөр хямрал болж байна. Үргэлжлээд эдийн засгийн хямрал болно. Хямралууд шил шилээ дагаад өрнөх нь. Одоо нэг их дуугарахгүй байгаа ч, сонгууль өнгөрөөд, “бүсээ чангалаарай” гээд эхэлнэ. Хямрал бол төр засгийнханд л сайхан боломж. Өөр асуудал гаргуулахгүй, хямралыг дарж байгаа хэлбэрээр ажилласаар байгаад сонгуультай золгох нь. Хямрал гэдэг бамбай байна, үнэндээ юм хийж байна уу, үгүй юу, тэд. Иймэрхүү сэтгэл зовмоор юм зөндөө л байна даа. Ер нь хямралаар хожоо хийх хүмүүс бол улс төрчид.          

-Эдийн засгийн хямралыг бол эхэлчихсэн гэлцэж байгаа. Танай компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал үүссэн үү?

-Манай компанийн хувьд одоохондоо хямарч, сүйд болоогүй байна. Харин сайн тал нь, хүмүүс энэ үед уншаагүй хойш тавьсан, аль болох зузаан номуудаа барьж авч байна. Германд номын борлуулалт 30 хувь өссөн гэж сонссон. Орост бүр өндөр гэнэ. Харин бид бол угаас номыг хүндэлдэг л болохоос уншдаггүй ард түмэн шүү дээ. Шүтээд л байдаг. Гэхдээ номын борлуулалт энгийн үеэс дордоогүй байна. Энэ бол амжилт л байх даа.

-Энэ цаг үеийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л хүлээж авч байна. Зарим нь тоохгүй, зарим нь айж. Та хувь хүн талдаа хэр хүчтэй тусгаж авч байна вэ. Эсвэл цаг үе таны гадна л өнгөрөөд байна уу?

-Миний амьдралд нэг их өөрчлөлт орсон зүйл алга. Өдөр бүр ажилдаа яваад л. Зарим орны хүмүүс бүр гурван долоо хоног гэртээ хоригдсон ч гэх шиг, сонин юм их сонсогдож байна. Компанийн хувьд үргүй зардлаа танах, хэрэггүй орон тоогоо багасгах зэрэг урьд өмнө хийж чаддаггүй байсан зүйлсээ хийж байна. Хямрал юм хойно саар зүйлс мэдээж бий.

Зүгээр том агуулгаар нь аваад үзвэл, чоно борооноор гэдэг шиг яг энэ үеэр хэн, хаана байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж байгаа бол гэж л бодох юм. Ялангуяа уурхай дээр. Ер нь бол энэ явагдаж байгаа. Хямрал гэдэг зарим хүмүүст бөөн боломж, бөөн олз.

-ХАРУУЛЛАА ГЭЭД ЯАХ ЮМ, ХЭН Ч ТООХГҮЙ-

-Та сая өөрийгөө сурах бичгийн тухай ярьдаггүй гэлээ. Би цочлоо?

-Би хамгийн анх сурах бичиг хэвлэх тендерийг шударга явуул гэж, хэвлэх асуудлаар Боловсролын яамтай холбогдсон. Ер нь сурах бичгийн тендер бол хамгийн өгөөж муутай тендер. Дундаас нь идэхэд хамгийн өгөөжгүй гэсэн үг. Тэр цагаас л хүмүүсийн анхаарлыг татчихсан тул эндээс цөм ш**х боломж бага. Дараа нь би сургалтын агуулгын талаар ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөрийг. Монгол хэлний хичээл ямар хөтөлбөрөөр явах ёстой юм бэ. Үүний төлөө ажилласан, нэлээд хэдэн жил явлаа. Тоохгүй байна. Юу ч ярьсан тоохгүй байна. Одоо би хүнтэй нь, эзэдтэй нь ярья л гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ завхралыг гардан хийж байгаа хүмүүстэй нь.

Анх сурах бичиг, дараа нь сургалтын хөтөлбөр, одоо амьд хүмүүстэй ярих үе дээрээ явж байна. Та нарт ч гэсэн мэдрэгдэж байгаа байлгүй, боловсрол бол үнэхээр дампуурчихлаа. Гэтэл дампууруулж байгаа хүмүүс төрийн албанд тушаал дэвшээд байдаг. Яам хэнийгээ дарга, цэрэг болгох нь Р.Энхбатад хамаагүй гэж хүмүүс харах байх. Би хамаатай гэж бодож байгаа. Хамаатуулна гэж бодож байна. Тэр хүмүүсээ хүчээр томилог, би тэмцэнэ. Ер нь яам гэдэг хувийн ашиг сонирхол үйлчилдэг, орогнодог газар байж болохгүй. Үнэндээ Боловсролын яамныханд хүүхдүүдийн боловсрол дампуурах эсэх нь ямар ч хамаагүй.

-Хувийн компанидаа тендер авах гэлээ гэж олон хүн ойлгосонд та эмзэглэчихсэн юм уу?

-Манайх чинь хэвлэлийн газар шүү дээ. Хэвлэлийн үйлдвэр биш. Өөрөөр хэлбэл манайх агуулга хийдэг газар. Тэгэхээр сурах бичгийн агуулгыг л ярина, үүнийг бизнес гэж хэлэхэд аягүй хэцүү. Агуулга ярьж бизнес хийгээд ер хол гишгэхгүй. Би өөрийгөө бизнес хийж байна гэхээс илүү боловсролын байгууллагад ажилладаг гэж боддог. Өөрийгөө гоёчилж буй хэрэг биш. Би батална.  

-Та өөрийгөө нийгэмд хэр “дуугардаг”  хүн гэж боддог вэ?

-Чадлынхаа хэрээр дуугардаг. Үүнээс илүү дуугарна гэж байхгүй.

-Одоо хүмүүстэй үзэлцэж эхэлнэ гэж байна. Асуудал анхнаасаа л хэн нэг эзэнтэй, хүнтэй холбогдож ирсэн байх л даа?

-Үгүй яах вэ, тендерээ шударга явуул гэхээр одоо Боловсролын яамтай л холбогдож таарах байх. Би сайдуудад нь анхаарал хандуулдаг байсан. Сайд нь юмаа мэддэг байх гэтэл тийм биш юм байна. Тэд чинь зүгээр л явуулын нөхдүүд. Яаж ч яриад нэмэргүй. Харин тэр дотор олон жил орогносон хүмүүс л гэмтнүүд юм билээ. Боловсролыг болж байна гэж харагдуулдаг. Боловсролын төлөө Боловсролын яам ажиллаж байна гэж харагдуулдаг. Харин дотор нь бүх ажил хүүхдийн эсрэг явагддаг. Бүр бүх юм нь. Ингээд ярихаар, “Р.Энхбат ш**ж байна даа” гэж бодох байх. Би үүнийг дэлгэж харуулж чадна. За, харууллаа гээд яах юм. Хэн ч тоохгүй. Монголын хүүхдүүдийн эсрэг Боловсролын яам нь ажиллаж байна гэдгийг мянга харуулаад хэн ч тоохгүй. Чи хэчнээн мундаг бичиж, гоё нийтлээд ч тоохгүй. Яах вэ, тэгээд хоёулаа?

-Хэн ч тоохгүй гэдгийг нь ойлгочихсон юм бол танд яаж дахиж дуугарах сэдэл төрдөг юм бэ?

-Би ямар нэгэн зүйлийг түлхэж унагана, оронд нь шинэ юм гарч ирнэ гэдэгт итгэж байсан. Одоо би тийм итгэл үнэмшилгүй болсон. Одоо би тэмцсээр байгаад л дуусна. “Ямар нэг юманд хүрээд аз жаргалтай амьдарна” гэдэг үзлээр одоо явахгүй шүү дээ. Хүрвэл сайн л биз, хүрэхгүй явсаар байгаад пад гээд унавал тэр л биз. Хэлээд, яриад, үзэлцээд л, хаана хүрэх нь вэ. Тэрийгээ үзнэ.

-ЭНЭ ХУВЬСГАЛ БИШ ЮМ УУ-

-Хүмүүстэй яг яаж үзэлцэнэ гэж?

-Ямар л боломж байна, түүгээр л үзнэ. Ярина, хөөрнө. Бичиг явуулна, новширно, шүүхэд өгнө, өшөө юу хийж болох вэ.

-Тэр эрх бүхий албан тушаалд нь өөрөө очих хүсэл байна уу?

-Үгүй ээ, үгүй. Тэр тухай бодож байсан бол би УИХ-д хэд гурав дэвшээд үзчихсэн, намд элсчихсэн явах ёстой. Эцсийн эцэст би нам бус. Яагаад жирийн иргэн Монголын боловсролын системийг өөрчилж болохгүй гэж. Би өөрчилнө, өөрчлөгдөж байгаа олон зүйл бий.

-Тэгвэл өөрөө өрсөлдөхгүй ч гэсэн сонгуульд, шинэ парламентад найдлага тавьж л таарах нь?

-Найдаж болох бүх юманд л найдна.

-Сонгууль ч дөхөж байна. Та энэ сонгуулиас юу найдаж байна вэ?

-Энэ хоёр намаас л цөөн хүн гараасай гэж бодож байна. МАНАН-таж гүйцсэн хуучин загварыг эвдэх юм сан. Бүх юм энэ хуучин, намын шугамаар ажил урагшилдаг системээр явж байна. Уг нь бид бизнес хийж байгаа ухаантай хүмүүс юм бол өдийд, сонгуулийн өмнө хэвлэж барих юмтай сууж байна биз дээ. Юм алга.

500 хүн дэвшиж байгаа юм уу, 5000 хүн дэвшиж байгаа юм уу, мэдэхгүй. Эдний сурталчилгааны материалыг зүгээр очерлуулж байгаад л нэг хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлдэг. Уг нь бид хамгийн сайн хэвлэдэг компани. Гэтэл ажилгүй сууж байна гэхээр, энэ юуг харуулж байна вэ. Ерөөсөө намын тогтолцоо. Сонгуулийн үеэр сурталчилгааны материалаар ашиг олох боломж байдаг бол түүнийг МАН, АН-ынхан өөрсдөө эзлээд авчхаж байна. “Манайд хэвлүүлээч” гэхээр “Яршиг, яршиг. Сүүлд нь новширцгоогоод байдаг юм” гэдэг. Нэг хэсэг нь “Соёмбо” дээр, нөгөө хэсэг нь, “Мөнхийн үсэг” дээр. Ямар юмны чинь өрсөлдөөн, ямар юмны чинь шударга ёс. Би зөвхөн хэвлэх үйлдвэрийн хүрээнд л ярьж байна шүү дээ.

-Өнөөх сурах бичгийн тендерт ч гэсэн энэ хоёр хэвлэх үйлдвэр үргэлж ялдаг. Танд нэг тийш нь цэгцэлмээр санагддаг л байх даа?

-Яаж ч цэгцэлж чадахгүй шүү дээ. Очоод “Чи боль” гэх юм уу.

-Зүгээр боломжтой гэж бодоход, цэгцлэх арга зүй нь юу байх бол?

-Намын нөлөөг л устгах ёстой. Яг үнэндээ өөд өөдөөсөө харж суугаад, үзэл бодлоо ярьж чадах хүн энэ намуудын алинд нь ч байхгүй. Одоо ингээд л боловсролын тухай ярья гэвэл ярих зориг зүрхтэй хүн намуудад битгий хэл, Боловсролын яаманд ч байхгүй. Өнөөдөр би Монголын боловсролын системийг яаж өөд нь татах вэ гэдгийг мэдэж байгаа. Би зүгээр хоосон хэрүүл хийгээд яваагүй юм шүү. Асар гоё юмнууд хийсэн. Гол нь хүмүүс сонирхохгүй байна.

Би ганцхан жишээ хэлье л дээ. Энэ ширээн дээр “Биологи” гэсэн ном байж байна. “10 жилд энийг л мэдчихвэл болно, хогийн сурах бичгүүд хэрэггүй” гэсэн агуулгатай юм. Ийм гоё материал хаана ч байхгүй /номоо дэлгэж үзүүлэв, Сурв/. Чи ямар гоё гэж бодож байна. Ингэж хүүхдэд зориулж хийдэг газар хаана ч байхгүй. Гэтэл хэн ч авдаггүй. Тэгэхээр төр засаг нь ч, эцэг эх нь ч хүүхдэдээ хайргүй юм билээ. Ерөнхийдөө амьтанлаг маягаар л хайрладаг юм билээ. Би бол хайр хоёр талаас ирдэг гэж боддог. Дааруулахгүй, өлсгөхгүй байна гэдэг нь биологийн талаас. Нөгөө нь оюун санааны хувьд. Хүүхэд насан туршдаа оюун санаагаараа л чиг барьж амьдарна шүү дээ.

Ийм номыг хэн ч тоохгүй байна. Ямар гоё хийсэн бэ. Бид хүүхдүүдийг хүндэлж хийсэн. Ганц биологи биш, бүх хичээл дээр нь хийсэн. Энэ хувьсгал биш юм уу. Том хувьсгал шүү дээ. Тэгтэл хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч авахгүй байна, яам нь ч битгий ав гэж байна.

-Боловсролын тухай ярихаар асуудал төрд ч, эцэг эхчүүдэд ч байж таардаг л даа.

-Тийм. Бүгдээрээ харанхуй. “Миний хүү хичээл дээрээ юу идсэ бэ”, “Ямар дүн авсан бэ” гэж асууна, тэгээд л гүйцээ. Ер нь бидний дунд 10 хүний нэг нь л уншсан номоо ойлгоно. Бид нарын бизнес гэж яриад байгаа юм чинь 10 хүний нэг дээр нь л тогтдог. Чи жишээ нь 10 жилээ аль сургуульд төгссөн бэ?

-33-р сургууль.

-Чи уншсан юмаа ойлгохгүй шүү дээ. Яагаад гэвэл та нарт хэрхэн ойлгосноор нь биш, хэр цээжилснээр нь дүн тавьдаг. Тэгээд ч сурах бичгүүд нь уншаад ойлгохооргүй номууд байгаа. Харин энийг уншаад бол ойлгоно /”Биологи” номыг заав, Сурв/. Ингэхээр тогтолцооны асуудал болоод явчихдаг л даа. Дэлхийн бүх хүмүүс л сурч, боловсрох чадвартай. Гагцхүү түүнд нь таарсан “юм”-ыг л өгөхгүй байна. Тэгээд бүгдээрээ ийм ярианд дургүй, ярихаар зугтчихдаг. Тийм болохоор би сая хэллээ шүү дээ, юу ч яриад нэмэргүй гэж.

-МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН, ГХЯ-НЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ НАРЫН ҮЙЛДВЭР ХАМАГ ТЕНДЕРИЙГ ХАМДАГ-

-Асуудал явж явж тогтолцоон дээр ирээд тулдаг нь үнэн. Энэ тогтолцоонд намын завхрал үүрлэчихсэнийг ч та мэдэж байна. Жишээ татахад дахиад л нөгөө сурах бичиг. Нэг хэвлэлийн компани тендер болгон дээр шалгараад л. Тэмцэнэ хэмээж буй хүмүүсээ ил зарлаад хэлчхэж болдоггүй юм уу. Тэгж байж дуугарч байгаа хэрэг болно биз дээ?

-Би зарлаад л өдий хүрлээ шүү дээ.

-Миний чихэнд лав хүрээгүй.

-Би одоо гараад хашхирахаар хэдэн хүн сонсох вэ. Чи лав сонсохгүй шүү дээ, хаа нэг газар байгаа юм чинь. Надад зарлаж хэлэх хувийн телевиз алга. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чинь бас хэдэн хүн хуваагаад авчихсан байгаа. Тэгээд намайг яриулах ч сонирхол байхгүй. Би чадлынхаа хэрээр л дуугардаг. Би чамайг ярилцлага авъя гэхэд тэгье л гэсэн биз дээ.

-Тэгсэн.

-Гэхдээ энэ ярилцлагыг чинь хүн сонирхохгүй шүү дээ. Уншлаа ч юу ч хэлэхгүй. Усанд хаясан чулуу шиг алга болно. Тэгэх үү, үгүй юу, чи юу гэж бодож байна. Хүмүүс ийм сэдвээр ярихаар ядардаг юм шиг байна лээ. “Засс, хэдүүлээ гоё юм ярья” гэж байгаа юм. Тэр нь жаахан согтъё л гэсэн үг байх даа.

-Би яагаад тантай ярилцлага хийх болсон шалтгаанаа тайлбарлая. Та ойрд гарч ирсэнгүй. Би хувьдаа таныг гарч ирэх бүрд сонирхдог. Одоо таныг энэ ярилцлагаар гараад ирвэл сонирхох хүн олон шүү. Цахим орчноос ажиглаж байхад өөр залуус олон болж байгаа.

-Яах вэ, боломж олдох бүрд л ярьдаг, хүмүүс сонирхохгүй байна. Ер нь үнэнийг ярихаар аягүй хэцүү, эмзэглэмээр тусдаг.  

-Та бид хоёрын ярианы атмосфер эхнээсээ л гутранги болоод явчихлаа. Ярилаа гээд яах юм, хэн ч тоохгүй.

-Үгүй, үнэнээр нь л ярьж байна шүү дээ. Тийм биз дээ. Зүгээр л сонирхохгүй байна. Түүнээс би тоохгүй байна гээд гутраад суугаагүй.

-Тийм ээ, гутарч суугаагүй. Тийм юм чинь хоёул зоригтой ярья л даа. Би ингэж асуумаар байна. Та намын ивээл доорх хэвлэлийн үйлдвэрийн талаар дурдаад өнгөрлөө. Энэ хүмүүсийнхээ нэрийг хэлээч, ард түмэн мэдэг.

-Энэ хоёр намтай л холбоотой хүмүүс байгаа. “Соёмбо” гэж үйлдвэр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хүнийх, та нар мэдэх үү. Тэрний чинь үйлдвэр. ЖДҮ-дэж баахан заваарсан, одоо бүгдийг нь атгаж байна. “Чи энд ирээд арай хямд хэвлүүлчихэд яадаг юм” гэхээр “Бид нар тохирчихсон юм аа” гэж байна. Ингэхээр манай үйлдвэр ер нь байх хэрэггүй болох нь байна шүү дээ.

Өөр “Мөнхийн үсэг” гэж байна. ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгийнх. Дуртай ажлаа хийнэ. Тэнд очъё гэвэл тэнд очно, энд очъё гэвэл энд очно. Одоо элчингээр явна гэнэ ээ. Нэг өглөө боссон чинь элчин сайхан санагдсан юм байлгүй. Яамдуудаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороог хүртэл базчихсан.

-Өөр байдаг юм уу?

-Энэ жижигхэн оронд чинь өөр байхгүй шүү дээ. Манайх багтахгүй байхад.

УГ НЬ ХҮҮХДҮҮД МАНГАСТ ДУРТАЙ-

-Одоо жаахан гэгээлэг зүйл ярья даа.

-/Инээв. Сурв/. Үнэн юм ярих гэхээр л хэцүүдээд гэгээлэг юм ярья гэдэг дээ.

-Би худлаа юм ярья гэж байгаа хэрэг биш шүү. Үнэндээ танай компанийн хэвлэж буй номуудын талаар яримаар байна.

-Энд үнэхээр нулимс гарахаар номууд байна аа. Тасархай гоё. Хэзээ ч Монголын хүүхдүүд ийм гоё ном хэрэглэж үзээгүй. Би бүгдийг нь чамд үзүүлж болж байна. Хачин гоё. Өөр гоё юм ярих юм уу. Манай уран зохиолын цувралууд ямар гоё гэж санана.

-“Монсудар”-ын уншигчийн хувьд танай компани “алж” буйг үргэлж хардаг, шимтэн уншдаг. Нэг мэдэхэд л нэг сайн ном хэвлэчихсэн байх. Гэхдээ үүнийг уншдаг хэсэг нь л анзаардаг. Нийтэд бага ч гэсэн ойлгуулмаар санагддаг?

-Харин тийм. Хамгийн сүүлд бид нар Маурис Сендак гэж алдартай хүүхдийн зохиолчийн номыг амиа тавьж байгаад эрхийг нь аваад, орчуулаад гаргалаа. Хүн авахгүй. Маурис өөрөө зураач, их гоё зургуудаар номоо чимдэг. “Мангасуудын оронд” ном нь мангасуудын зурагтай. Тэгсэн эцэг эхчүүд “Аймаар зурагтай юм байна, авахгүй” гэнэ ээ. Хүүхдүүд уг нь маш дуртай. Хүүхдүүд мангаст дуртай. Гэтэл аав, ээжүүд нь “Өө, айлгачихна, битгий авч өг” гэж байна. Тэгэхээр нь энэ зургуудыг тунелийн дор зурдаг юм уу гэж бодож байна.

-Танай номуудыг нэг талдаа үнэтэй байна уу гэж хардаг. Хүмүүсийн худалдаж авах чадвар сайн биш л байгаа шүү дээ.  

-Тэр бидний буруу биш байх, тийм үү. Хийж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлэхгүй бол болохгүй. Нэг ном гаргахад ямар олон хүний хүч хөдөлмөр ордог гэж санана. Юм хийвэл хийсэн шиг хийх ёстой.

-Утга зохиол талдаа та ямар чиглэл барьж ажиллаж байна. Монсудар-ын утга зохиолууд уншигчиддаа үргэлж шинэ, чанартай бэлэг барьж чаддаг.

-Ер нь өнөөдөр Монголд утга зохиолын үүрэг, роль маш их байна. Яагаад гэвэл манай нийгэмд юу нь зөв, юу нь буруу нь мэдэгдэхээ байчихсан. Үндсэндээ замбараагүй, “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг нийгэм болчихлоо. Амьдралын, ёс суртахууны олон зүйлийг хүмүүс ойлгохоо больчихсон байна. Сайн уран зохиол бидэнд энэ бүгдийг өгч, ойлгуулж байна. Хайр гэж юу юм бэ гэдгийг уран зохиолоос олж авна уу гэхээс, амьдралаас авч чадахгүй болчхож. Тэгэхээр хүн төрөлхтний хамгийн сайн уран зохиолуудыг хамгийн чанартайгаар орчуулж гаргахыг хичээж байна. Үүгээрээ хүмүүст их тус хүргэж байна л гэж боддог. Залуу хүн уран зохиол уншвал амьдралд маш эрт хэрсүүжнэ. Уншихгүй бол зөвхөн өөрийнхөө амьдралаар л амьдарна. Сайн зохиол унших бүрдээ хүн өөрийгөө боддог, өөрийгөө асуудаг. Уран зохиолын ачаар амьдралд эрт, зөв орох боломж бүрдэж байна гэсэн үг. Манай багт маш олон хүн ажилладаг. Орчуулагч бол зөвхөн наад зах нь шүү дээ. Зарим ном бараг шинээр орчуулах дайны хэмжээнд өөрчлөгддөг. Орчуулгууд чинь хэцүү шүү дээ.

-НАД ШИГ АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ Л ГЭЖ БОДДОГ-

-Уран зохиол, орчуулга ярьсных танаас нэг зүйл хальт асуучихмаар санагдлаа. С.Молор-Эрдэнэ доктор та хоёр үзэл санаа нийлдэг хүмүүс. Гэхдээ түүний орчуулсан гэх уран зохиолын номын хэл, найруулга асуудал дагуулдаг. Та юу гэж хардаг вэ?

-Мань эр бол герман хэлийг монгол хэл шиг болгож бичдэг юм. Би үүнийг нь хоёр талаас хардаг. Нэг талаар монгол хэлэнд хөгжил явагдаагүй учраас ийм байдалд хүрч байна. Нөгөө талаар уншигчдаа бодож, аль болох ойлгомжтой бичих хэрэгтэй. Ийм хоёрдмол байр суурьтай байдаг.

-Надад С.Молор-Эрдэнийн орчуулга ойлгомжгүй гэхээсээ ойлгомжтой байдаг. Уншихад яг л тоочны, логиктой явдаг ч нэг л дутуу.

-Миний өмнө монгол, герман хэл дээр нэг ном байхад би монголоор нь унших дуртай. Дараа нь германыг нь уншина. Тэгэхээр монгол хэлээр орчуулсан дээр нь байгаагүй зүйлс мэдрэгдээд эхэлдэг. Монгол нь аягүй гоё уншигдаад, уран яруу сонсогдоод байна, гэхдээ юу ч ойлгоогүй. Аа, нөгөөхөөс нь бол ойлгоод байдаг. Энэ нь монгол хэлтэй холбоотой. Жишээлбэл, Toilet гэдэг үгийг “бие засах газар” гэж хэлдэг. “Ноль” гэдэг үг монгол хэлэнд байхгүй шүү дээ. Жорлон гэхээр нэг жаахан өмхий үнэртдэг байх. Ингээд мундаг хүмүүс болох гээд “Бие засах газар” гэж гурван өөр үгээр орлуулдаг. Энэ чинь үг биш шүү дээ. Ингэж орлуулахаар яаж ч ойлгогдож болно. Харин toilet гэдэг үгэнд утга нь байж байгаа. Монгол хэлэнд хөгжил явагдаагүй учраас асуудал нь ингэж мэдрэгддэг. Хоёрт, хэл уран яруу байх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Тэгээд уран яруу юм хүлээгээд байдаг. Тэр хүлээлт бас чамд байгаа байх. Өнөөдөр хэлийг уран яруугаар нь тодорхойлдог цаг өнгөрсөн. Тийм үе байсан, одоо бол байхгүй. Яг конкретный л байх ёстой.

-Уг нь одоо л яриа халж байна. Гэхдээ уншигчдад хэт нуршуу болох нь. Хоёр асуултаар эцэслэе. Та хэр сэтгэл хангалуун амьдарч байна вэ?

-Хүн хийж байгаа ажилдаа дуртай байвал үнэнч байна, цаг өнгөрч байгаа эсэх ч мэдэгдэхгүй. Нэг үгээр аз жаргалтай байна гэсэн үг. Өнөөдөр миний ажил номын эргэн тойронд эргэлддэг. Тэр маань миний амьдралыг тэтгэж өгдөг, түүгээрээ бас мөнгө олдог. Тэгэхээр над шиг аз жаргалтай хүн монголд байхгүй л гэж боддог. Нээрэн шүү.

-Ажлаа яг юуны төлөө хийдэг вэ?

-Аз жаргалтай байна гэхээр нэгдүгээрт өөрийнхөө төлөө байна. Хоёрдугаарт, хүмүүст хэрэгтэй зүйл хийх гэж. Хэрэггүй бол би яаж аз жаргалтай байх билээ.

-Ярилцсанд баярлалаа. Таныг хувьдаа тендер авах нь гэж муучлуулснаасаа хойш номоо хэвлээд таг суусан юм байх гэж бодож байлаа. Үгүй юм байна.  

-Үгүй ээ. Би одоо боловсролыг дампууруулж байгаа хүмүүстэй тэмцэнэ. Зүгээр нэг яншиж, гомдоллоод явах биш нүд рүү нь хуруугаа хийнэ гэж бодож байгаа /инээв. Сурв/.

Эх сурвалж: https://eguur.mn/102019/

Reader подкаст #43: С.Баяр “Жаран хоног “жаран”-ы бутархай”

Reader подкастад оролцон 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Интерном номын дэлгүүрт зохиогдсон Санжийн Баярын “Жаран хоног “Жаран”-ы бутархай” номын хэлэлцүүлэгт дурдагдаагүй зарим сэдвүүдийг үргэлжлүүлэн ярилцлаа.

Сайн уу? Сайнаа нэвтрүүлэг: “Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат

UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” нэвтрүүлэгт зочноор оролцсон дугаарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Р.Энхбат: Ажлаа сэтгэлээсээ хийж яваа хүн бүхэн эх орончид, цэрэг эх оронч гэдэг үг чинь хүйтэн дайны үеийн ойлголт

Эх оронч үзэл гэж юу вэ гэсэн асуултад олон янзын хариу дуулддагч амьдралаас тасархай лоозон маягийн тайлбар л давтамжтай сонсогддог. Таныхаар эх оронч үзэл гэж юу вэ?

Эх оронч үзэл гэж ярихгүй бол боломгүй цаг үе ирчихсэн юм шиг. Эх оронч үзлийн тухай ярихаар цэрэг эх оронч үзэл гэсэн юм яригдаад байдаг. Засгийн газар энэ тэрээс анхаарч, Батлан хамгаалах яамны генералын ахалсан ажлын хэсэг гараад эх орныхоо төлөө эх оронч үзлээр зүтгээд яваа харагддаг. Яг чухамдаа юу хийсэн юм бүү мэд. Иймэрхүү өнгөтэй үйл явдал өрнөж байгаа анзаарагддаг. Тэр хүмүүсийн бодож санаж яваа нь үнэхээр тэс өөр байна л даа. Бид хэдэн жилийн өмнө хүмүүсээс бахархлыг нь асууж байсан юм. Хачин хачин хариулт ирсэн. Уур хүрмээр. Байгалиараа, газрын баялгаараа бахархдаг ч гэж байх шиг. Байгал, баялаг бол хүний бүтээсэн зүйл биш. Уг нь хийсэн бүтээснээрээ л бахархмаар юм. Тэр үед “Монгол хүн хийж бүтээсэн юмны тухай биш бэлэн байгаа зүйлсийг бахархлаа болгож явдаг байх нь” гэсэн бодол төрөөд өнгөрч байлаа.

Монголчууд яагаад байгаль, байгалийн баялгаараа бахархсан бэ гэсэн асуултад хариу хайсан уу та?

Алга дарам газар дээр амьдардаг хүмүүс бий. Тэр хүмүүсийн хувьд эх орон гэхээр яг юу хэлэхээ сайн мэдэхгүй байх. Гэтэл Монголын хувьд өөр. Гуравхан сая хүнтэй, өргөн уудам нутагтай. Ийм онцлогтой улсын иргэдэд эх орны тухай ойлголт өөр байх нь гэсэн бодол төрсөн. Эх орон гэхээр газар ус нь шууд харагддаг, өргөн тал, үзэсгэлэнт байгаль өөрийн эрхгүй орж ирдэг шиг байгаа юм. Алга дарам газарт аж төрдөг хүмүүст “Энэ нутаг бол минийх” гэсэн ойлголт байхгүй. “Энэ хашаа минийх” л гэсэн ойлголттой аж төрдөг.

Хийсэн бүтээсэн зүйлс монголчуудын бахархал болохгүй яваагийн цаана ямар нэг шалтгаан байна уу?

Хийсэн бүтээсэн зүйл нь алга. Өнөөдрийн нийгэм, улс төрөөс үлгэр дуурайл болохоор хүн гээд хайхаар бараг байхгүй. Дээхнэ үед бол байсан. Бусад орнуудад сайхан сайхан хүмүүс байна. Мөнгөн дэвсгэрт дээрээ хүртэл хөгжмийн зохиолчоо тавьсан байх жишээний. Шведийн мөнгөн дэвсгэрт дээр хүүхдийн зохиолч Астрид Линдгрений зураг бий. Швед хүмүүс “Хамгийн дээр бурхан, дараа нь Линдгрен байдаг” гэж бахархан ярьдаг. Линдгрен шведчүүдийн хувьд тийм эрхэм, агуу бахархал нь.

Линдгрений “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Урт оймст Пиппи”-г нь ганц Шведийн ч биш дэлхийн хүүхдүүд дурлаж уншдаг. “Урт оймст Пиппи”-г танайхаас орчуулсан байх аа?

Тэгсэн. Харамсалтай нь эх хэлээрээ орчуулж хэвлээд ч уншдаггүй номны нэг.

Манай мөнгөн дэвсгэрт дээр Чингис хааны хөрөг бий. Таны яриаг хөөгөөд бодохоор бидний бахархдаг хүмүүн хэдэн зуун жилийн өмнөх их хаан маань л болж таараад байна уу?

Чамд нэг сонин жишээ хэлье. Би хоёр гурван францад “Та нар Напеолоноор бахархдаг уу” гэсэн асуулт тавьж үзсэн юм. Бүгдээрээ “За даа бараг үгүй дээ” гэсэн хариу хэлсэн.

Яагаад, дэлхийн мундаг жанждын нэг энэ тэр гээд бахархмаар юм?

Тэр хүний хүсч мөрөөдөж явсан зүйл нь өнөөдрийн бидний бодож зорьж яваагаас ялгаатай. Нөгөө талаар тэдэнд бахархах юм зөндөө юм шиг байгаа юм. Жишээ нь, тэд Францын хувьсгалаар бахархдаг. Францын хувьсгалыг орчин үеийг авчирсан хувьсгал гэдэг шүү дээ. Тэгш эрх, ардчилал, ахан дүүсэг ёс гэсэн гурван том үнэт зүйлийг дэлхийн түүхэнд анх удаа гаргаж ирж хүмүүн төрөлхтөнд бэлэглэсэн хувьсгал. Францын хувьсгалаар асар олон оронд ийм идей тарсны нэг нь Орос Октябрийн хувьсгалыг эхлүүлсэн. Октябрийн хувьсгал нь манай Ардын хувьсгал болж, Ардын хувьсгалаар бид чинь Үндсэн хуульт улс болсон түүхтэй. Хаант засаг үгүй болж Үндсэн хуулиа хаан болгосон. Францийн хувьсгалаас өмнө өчнөөн улс орон хааны доор оршиж байлаа. Хаан бүгдийг мэддэг байсан. Чингисийн үеэр жишээлье. Чингис бол хаан, бусад нь албатууд. Тэр цагт хүмүүс сайн хааны нөмөрт амьдрах аз завшааны тухай л боддог байсан. Түүнээс биш хувь хүний эрх чөлөө, аз жаргалын тухай ойлголт огт байгаагүй. Тэр үеийн хүмүүсийн утга учир бол амьд байх тухай л асуудал. Францын хувьсгалаас өмнө хорвоо ертөнц янз янзын хааны эрх сүр дор оршиж, хүн төрөлхтөн үнэхээр зовлонтой аж төрсөн. Тэр үед бүх юм хааны өмч, Чи ч хааны өмч. Би хаан байсан бол чиний толгойг авмаар санагдвал авчихна. Үндсэн хууль тунхагласнаас хойш бид өргөн уудам газар нутгаа өөрсдийнхөө өмч гэж ойлгоод явж байна. Ингэхээр хүнд эх орноо хайрлах, газар нутгаа бодох сэдэл төрдөг юм байна л даа. Эх орон гэсэн ойлголтод маш их гай авчирч байгаа нь уул уурхай. Өнөөдөр Өмнөговь руу явмааргүй байна. Бүгдийг нь өмчлөөд авчихсан. Би тэнд юугаа хийх юм. Бүгдийг нь авчихвал надад эх орон гэж яриад байх юм алга.

Зах зээлийн нийгэмд амьдардаг улс орнууд байгаа зүйлээ харилцан арилжаалж байж хөгжих нь жам шүү дээ. Доллар олж байж иргэд нь чинээлэг аж төрж, улс нь дажгүй хөгжинө. Бидний доллар олдог ганц том бараа бол уул уурхайн бүтээгдэхүүн. Уул уурхай муухай гэсээс илүү уул уурхайгаа яаж зөв хөгжүүлэх вэ гэсэн асуултад хариу хайх ёстой байх аа?

Өнөөдөр та бид хоёр хамтарч компани байгууллаа гэж бодъё. Та гаднаас орж ирээд хамтаръя гэлээ. Энэ тохиолдолд би давуу талаа алдахгүй. Яадаг ч байсан талаас илүү хувийг нь авна шүү гэнэ биз. Бүхэл бүтэн улс байтугай захын дамын наймаачин ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээж янз бүрийн асуудал бий. Гэхдээ маш энгийн, хэн ч ухаад ойлгочих гэрээ хийх хэрэгтэй. Ганцхан зарчмыг хатуу барих ёстой. Ойлгомжгүй гэрээг хэнтэй ч хийж болохгүй. С.Баяр номондоо энэ гэрээг ойлгосон хүн байхгүй, одоо ч алга гэсэн байна лээ. Ингээд харахаар байгуулсан гэрээгээ ойлгоогүй хэрнээ бүгдээрээ Оюу толгой ярьдаг болчихсон шиг байгаа юм.

Нэгэнт байгуулчихсан гэрээн дээрээ эргэж буцаад байх нь эх оронч хандлагад хэр нийцэх бол. Гадны хөрөнгө оруулагчид Монголыг итгэлгүй нөхдүүд гэж харах эрсдэл бас бий…?

Олон асуудал ярьж болох байх. Хэрвээ эх оронч байсансан бол хэн ч ойлгож болох гэрээ хийх байсан гэдэг утгаар л энэ өнцгийг хөндсөн юм. Эхнээсээ ийм зарчим барьж, эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан гэсэн бодол, төсөөлөл төрөөд яваа юм, надад. Одоо хоёулаа үндсэн сэдэв рүүгээ орох уу?

За тэгье. Монголчууд эх оронч үзэл гэдгийг байгалийн баялаг, өргөн уудам газар нутгаараа төсөөлж үүнийгээ бахархал болгоод яваа нь нүүдэлчин ахуйгаас улбаатай юм болов уу?

Зарим талаараа тэгж хэлж болно. Хаант засаг биш, ард түмэн л бүгдийг мэдэх ёстой гэсэн ойлголтоор бүх юм минийх гэж хандаж байна л даа. Бид байгалийн талаасаа, үзэгдэж харагдаж байгаа талаасаа эх оронч үзлийг иймэрхүү маягаар ойлгож болно. Харин нийгмийн хувьд өөр. Нийгэм гэдэг маань хийсвэр, абстракт ойлголт. Хүмүүсийн зохиож бүтээсэн, өөрсдийнх нь санаа төсөөллөөр бий болсон зүйл. Бид байгаль дээр биш, нийгэм гэж зохиомол орчинд амьдарч яваа. Тэр утгаараа ийм орчинд эх оронч үзэл гэж юуг хэлэх вэ гэсэн асуултад хариу хайх хэрэгтэй.

Та ярианыхаа эхэнд “цэрэг эх оронч үзэл” үеэ өнгөрөөсөн гээд хэлчих шиг болсон. Тэгвэл яг өнөөгийн нийгэмд юуг эх оронч үзэл гэх вэ?

Цэрэг эх оронч үзэл гэдэг хүйтэн дайны үед, нутаг орноо бүтэн байлгахын төлөө дайтаж тэмцэж явсан үед л илүү хамаарна. Би янз бүрийн хүмүүстэй эх оронч үзлийн тухай санаа бодлоо солилцохоос гадна улс орнууд ямар байдаг тухай судалгаа хийж үзлээ. Жишээ нь, зарим оронд тариалангийн талбай л сайн бол эрүүл, арвин ургац авна, энэ чинь л хүн ардын эрүүл амьдрах үндэс, тэр утгаараа тариалангийн талбайгаа арчилж тордож хамгаалж яваа хүн эх оронч гэж үздэг юм байна.

Манайхаар бол малаа эрүүл хариулж яваа малчин, малыг эрүүл байлгах бодлого, орчныг бүрдүүлж өгсөн шийдвэр гаргагчид эх оронч гэсэн үг. Бид ямар ч үед малынхаа махыг идээд амьдрах тавилантай хүмүүс. Өнөөдөр яаж байгаа билээ, эрүүл мах гэсэн ойлголт алга, малынхаа махыг дамлаж зарах систем ажилласаар байна.

Ерөөсөө л хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнийг л эх оронч гэх нь. Энгийн хэрнээ гүн утгатай ойлголт байна шүү…?

Харин тийм, ингээд харахаар эх оронч үзэл гэдэг тийм онцгой зүйл биш байгаа биз. Малаа эрүүлжүүлж, тэрийгээ эх оронч үзэл гээд тайлбарлаад явбал ард түмэн сонсоно, хайрлана. Би түрүүн уул уурхайг зүгээр ч нэг яриагүй. Хариуцлагагүй уул уурхай газар авлаа, тэр хэрээр эх оронч үзлийг маань сэглэж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Норвеги өнөөдөр хамгийн баян орны нэг. Асар их баялагтай. Тэр их баялагаа маш ухаалаг хэрэглэж байна. Энэ л эх оронч үзэл. Түүнээс биш би газар битгий ух гээгүй. Гэтэл манайд ямар байгаа билээ. Биенээсээ өрсөж, ухаж идэхээр улайрч яваа. Хэдхэн жилийн дараа миний эрх дуусна, тэрнээс урьтаж яаж “хусах” вэ л гэж бодож байна шүү дээ.

Та боловсрол, соёлын салбарт ажиллаж яваа хүн. Та салбартаа эх оронч үзэлтэй ажиллаж чадаж байгаа юу?

Жишээ нь хүүхдийн ном хийхдээ би агуулгыг нь эхлээд боддог. Дараа нь гадна дотны номнуудыг хардаг. Яаж хийх талаараа янз бүрээр сэтгэдэг. Эхлээд төрийн бодлогод тохирсон, төрийнхөө бодлогыг дэмжсэн юм хийхийг хичээлээ л дээ. Гэтэл төрд бодлого гэж ойлгогдохоор юм байгаагүй. Тэгээд компани дотроо хамгийн жижиг хэлбэрээр төрийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ийм л байх ёстой гэдэг бодлоор. Сургуулийн өмнөх насныханд IQ чухал биш. Тэр жаахан хүүхдүүдэд сэтгэл бий болох ёстой. Тусч, хүлээцтэй, харамч биш сэтгэлийг суулгаж өгөх учиртай. Хүүхэд сэтгэлийг л хамгийн сайн ойлгоно. Түүнээс биш ямар нэгэн IQ бодлогыг дурлаж бодоод суудаггүй. Сургуулийн өмнөх насныхны хувьд тархи хөгжих болоогүй, эхлээд сэтгэлийг нь хөгжүүлэх ёстой.

Хүүхдийн сэтгэлийг хөгжүүлэхийн тулд яах ёстой гэж та харж байна вэ?

Ардчилсан нийгэмд ямар ёс суртахуунтай ажиллах вэ гэж бодож байгаа юм л даа. Гэтэл нөгөө талаас уламжлалт ёс заншил ярьдаг өчнөөн хүмүүс огт өөр юм ярих жишээний. Хаант засгийн үеийн, 800 жилийн өмнөх сургаалыг сурах бичигт бичээд хүүхдээр цээжлүүлэх гээд зүтгэчихдэг. Тийм юм байхгүй гээд зөрөхөөр би муу хүн болчихдог. Ш.Чоймааг хүндлээгүй болж таараад, шаар болоод байгаа юм. Тэгэхээр өнөөдөр яг яах ёстойгоо ярихгүй бол нэг хэсэг нь ардчилал, нөгөө хэсэг нь уламжлал яриад горьгүй байна. Ардчилал ярьсантай нь ардчилал ярих гэхээр өнөөхөө мэдэхгүй. Уламжлал ярьдгууд ч ялгаагүй. Уламжлалыг өнөөдөр яаж хэрэглэх вэ гэхээр мэдэхгүй. Музейн үзмэр шиг юм ярьдаг. Бид музейн үзмэрээр амьдрахгүй. Эцсийн эцэст музей дотор өрсөн эд хэрэгсэл нэг айлд цугларсан байгаагүй. Хүмүүс алтан аяга, зэс домбо, хаш хөөрөг нэг айлд цугаараа байсан юм шиг эндүүрээд явдаг. Тийм биш шүү дээ. Яг нарийндаа музейд өрсөн тэдгээр зүйлсийн ихэнх нь хуурамч.

Таныг ингэж хэлэхээр дургүйцэх хүн олон гарах байх даа?

Хамаагүй. Хэрвээ чи хийдэг ажилдаа үнэнч хандвал мэдээж асуудал тулгарна. Тулгарсан асуудлаа шийдэхээр дахиад хоёр асуудал гарч ирнэ. Өнөө хоёр асуудлыг шийдэнгүүт магадгүй дахиад нэг асуудал ургана. Магадгүй амьдрал асуудлыг шийдэх зам байх. Түүнээс биш зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг жаргадаг юм байхгүй. Байгалийн амьдрал дээр магадгүй. Нийгмийн амьдрал дээр бол хэзээ ч боломжгүй зүйл. Тэр байтугай тэтгэвэрт гараад сэтгэлээр унаж байгаа шүү дээ, хүмүүс. Хийх юм байхгүй учраас. Ер нь байгаль салхи шуурганд дургүй. Гэтэл нийгэм тэс өөр. Нүдээ аних л юм бол нурааж унагаачих гээд, хулхидаад хуурайлчих гээд байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн амьдрал гэдэг цаг минут тутам харж хамгаалж нураачихгүйн төлөө явах цогц зүйл юм байна.

Байгуулсан нийгмээ нураачихгүйн төлөө асар соргог амьдрах ёстой юм байна гэж ойлголоо…?

Ерөөсөө л тийм.

Ёс суртахуунтай зөв сайн монгол хүүхдийг хүмүүжүүлэх жорыг та олсон уу?

Таны асуусан энэ зүйлийг би номоороо л хийнэ. Чадах зүйл маань ном учраас. Ойр тойрны хүмүүстэйгээ уулзахаараа ярьдаг сэдвүүдийн маань нэг л дээ. Би танил японоосоо “Чамайг бага байхад чихнээс чинь уяатай явсан, өнөөдрийг чинь бүтээхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ” гэж асуулаа. Өнөө япон хүн “Хүнд саад болохгүй амьдрахыг л захиж сургадаг байсан” гэсэн хариу өгсөн. Швейцарь хүнээс ингэж асуусан чинь “Хүн байсан ч, байгаагүй ч урдахаа хийж урагшлах ёстой гэсэн захиа, сургаал маш том нөлөө үзүүлсэн” гэж хариулсан. Сая хэлсэн хариунаас Япон, Швейцарь улс хүүхдүүдээ ирээдүйд хэрхэн бэлддэг нь харагдаж байна аа даа. Гэтэл манайд “Би сайхан санасан юм” гэж яриад нэгэндээ саад болж, хорлож яваа жишээ өчнөөн. Манайд хүний нүд хариулдаггүй хүн ховор. Дарга байхаар нэг өөр, байхгүй бол бас өөр хандлага гаргадаг нь гэм биш зан болчихсон. Гэтэл япон, швейцариуд ийм байж болохгүйг багаас нь сургадаг байх нь. Ямар эх оронч бодлого вэ. Хүний цагийг үрэхгүй байх, хэлсэндээ хүрэх их гоё чанар. Хүмүүс хооронд ярьсан яриа бодитой ажил болоод явдаг бол ямар сайхан бэ. Хүмүүс хоорондын харилцааны үнэт зүйлийг бий болгох, тэрийгээ дагаад явна гэдэг эх оронч үзэл. Тэгэхээр эх оронч үзэл гэдэг тийм адармаатай хэцүү асуудал биш байгаа биз.

Таныг ингээд хурц тод ярихаар жишээ нь Боловсролын яамны удирдлагууд “Зөв юм ярих нь ярьж байна, гэхдээ энэний үгийг дагаад явна гэж юу байдаг юм” гэсэн өнгөөр хандах байх. Төр засгийг төлөөлсөн дарга сайд нар алдааг нь шүүмжилсэн иймэрхүү ажил хэрэгч шүүмж, саналд иймэрхүү хандлага гаргасаар өнөөг хүрсэн. Ингээд харахаар хөлд нь суусан маягтай, аажуу зөөлнөөр харилцаж байгаад санаагаа бодлогод нь тусгамаар ч юм шиг…?

Зарим хүмүүс ямар нэг юмыг хүлээх, азнах завтай явдаг байж магадгүй. Надад тийм зав байхгүй. Яг одоо хэлэх юмаа хэлэхгүй бол сүүлд харамсана. “Юугаа хүлээж дуугүй явав аа” гээд толгой руугаа “шаана” шүү дээ. Байгаль дээр маш олон зан чанар төлөвшигддөг л дөө. Зохицох, аргалах, сэргэлэнтэх гэх мэт байгалийн гаралтай олон зан чанар бий. Энэ чанаруудыг нийгэм рүү хөрвүүлээд харахаар их сонин. Зах зээл эхлэнгүүт овтой сэргэлэн багш нар нь наймаа хийгээд явчихсан. Багшийнхаа ажлыг амьдралаа гээд бодож зүтгэсэн хэсэг нь амаараа шроо үмхэх нь үмхээд ямар нэг байдлаар хохироод үлдсэн. Уг нь энэ хүмүүстээ төр засаг бодлогоор анхаарал тавих ёстой юм. Төр засаг байхгүй болсон учраас энэ хүмүүс гутарсан, архинд орсон. Нөгөө сэргэлэн овтой нөхөд өнөөдөр дээр гарчихсан яваа. Ийм зан чанар ихдэхээр нийгэм заваардаг. Бүх зүйл муухай болдог. Товчхондоо сэргэлэнчүүд нь дээшээ гараад, номоороо явсан нь тээр дор байна.

Таны хэлснийг ухаад бодохоор зөв төлөвшил, хандлага, зан чанарыг хүүхдэдээ суулгахаар алсдаа залилуулж хохироод дуусна, зальжин, овсгоотой, хүний аргыг олдог хүн л болгоё гэж бодож яваа аав ээж нарыг буруутгах хэцүү юм аа?

Буруутгах хэцүү. Гэхдээ гарц бий. Төр алийг нь дэмжихээ тодорхой болгочих хэрэгтэй. Өнөөдөр бол алийг нь ч дэмжээд байгаа юм бүү мэд, төр байхгүй юм шиг байна.

Тэгж байгаад зүй жамаараа сайжирна, адгаж яараад хэрэггүй гэсэн хандлага бас бий. Хэдэн сонгуулийн дараа хүссэн хүсээгүй улс төр цэвэршинэ гэдэг хандлагатай та санал нийлэх үү?

Би өмнө нь чамд ярьж байсан даа. Нэг танил маань сонгуульд нэр цэвэр дажгүй хүмүүсийг дэвшихэд нь дэмжье гэхээр хүн олдохгүй байна гэж ярьсан тухай. Нийгэм гэдэг чинь хүмүүсийн бүтээл. Тийм хүн байхгүй үед аажмаар сайжирна гэж юу байх вэ дээ. Өнгөрсөн арван жилийг аваад үзье. Хэсэг хүмүүс идэж уугаад бүхний оройд гарчихсан. “Энүүгээрээ л явна, үүнээс өөр замыг хүн төрөлхтөн олоогүй. Хувь тавилантайгаа эвлэрээд амьдар” гэж том том юм ярьсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл өнөөдөр яаж байна. Тэр дээр маш олон зальжин овсгоотой нөхдүүд гараад ирчихсэн. Чихэлдэж, багталцахаа байгаад эхлэнгүүт нэг нэгнийхээ хулгай, луйврыг ээлжлэн дэлгээд уналаа. Хоорондоо байлдаад эхэлчихсэн шүү дээ. Тэдний дайн мөрөөрөө ажлаа хийгээд яваа, доор нь байгаа хүмүүст их юм харуулж байна аа даа. Чиний хэлээд байгаа “аяндаа сайжирна” гэдэг үгийг би ингэж ухаж байна. Гэхдээ үүнийг түргэтгэх ёстой.

Түргэтгэхийн тулд яах ёстой гэж?

Зургадугаар сарын хорьд гартал бид жигтэйхэн шударга зүйл зөндөө сонсоно. Маш олон хулгай дээрэм илэрнэ. Илрүүлсэн баатрууд нь тодорч гарч ирнэ. Харин зургадугаар сарын 20-ноос хойш бүх юм хэвэндээ орно. Тэгэхээр тэр дээр суугаа хүмүүс шударга үйлийг хэрэг гарвал хийдэг, өөрт нь ашиггүй бол хийдэггүй гэсэн дүгнэлт гараад ирж байгаа биз. Гэтэл чи бид хоёрын ярьж суугаа шударга зүйл өдөр бүр үргэлжлэх ёстой. Яагаад сонгууль дөхөхөөр хоёр, гуравхан сарын дотор өчнөөн шударга зүйлс гарч ирээд, сонгуулийн дараа алга болоод байна вэ? Байдал бишдсэний л шинж. Өнөөдөр шударга юмсыг ард түмний сонголтоор худалдаж авч байна, өөрөөр хэлбэл бидэнд зарж байна. Чи надаас сая “яах вэ” гэж асуусан. Яах ийх тухай ярихаасаа өмнө юу болоод байна вэ гэдгийг мэдрэх, мэдэх ёстой. Юу болоод байгааг нь би сая хэллээ. Ер нь хүн аливааг яг байгаагаар нь ойлгож байж ямар нэгэн зөв шийдвэр гаргана гэж би хувьдаа боддог.

Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа үйл явцаас итгэл найдар төрүүлсэн өөрчлөлт анзаарагдаж байх юм уу?

З.Энхболдын гуравны хоёрыг солино гэдэг их айхавтар юм болж магадгүй. Ямар ч байсан гуравны хоёрыг нь “хусах” юм байна гэдэг их сайн мессэж. Үүнийг У.Хүрэлсүх бас ашиглах байх. Ингэвэл нөгөөдүүлээс салах бас нэг боломж гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр хэн тэр орон зайд орж ирэх вэ, цаашаа яаж ажиллах вэ гэдэг сонирхол татаж байна.

Ярилцсан: Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин 2020-03-13, 051(6417)