​Төрийн баримт бичиг

​Төрийн баримт бичиг

/Хууль журмаар ядуурцгаах/

Дээрээс гарсан тушаал шийдвэр гээд бүх нийтээр дагаж мөрдөх ёс, дүрэм  манайд зөндөө. Гэтэл тэдгээр нь төр засгийн шийдвэр гэж үзэхэд үнэхээр хэцүү утга агуулга, үг найруулгатай, хэт ерөнхий зүйл заалтууд нь үнэн хэрэгтээ ямар ч асуудал шийдэхгүй, ер нь хүний төлөө, иргэндээ зориулагдаагүй гэдэг нь илтээс илт байдаг юм.

Тэдгээр дүрэм журам амьдралд хэрэгжихдээ нийгмийн харилцааг сайжруулахын оронд  жирийн хүмүүс, аж ахуйн байгууллагуудад элдэв өнгийн дарамт учруулж, саад тотгор болох явдал байнга гардаг. Ялангуяа тендертэй холбоотой бичиг баримтыг бол хувийн эрх ашиг нь нэвт шингэсэн эрх баригчдын орлогын эх үүсвэр, тэдний баяжиж хөлжих эрхийн бичиг гэж үзэхэд ердөө ч хилсдэхгүй.

Хуульчлагдаад албан ёсны болчихсон яг тийм баримт бичгүүдээр эрх баригчид аль хэдийнээс нийтийн өмч хөрөнгийг түмний нүдэн дээр цөлмөөд сурчихаж. Өнгөрснөө харъя л даа, 90 оноос хойш хууль журмыг сахиж амьдраагүй гэж хэнийг хэлэх вэ? Гэтэл манай оронд хэн хөлжиж, хэн ядуурав, яагаад хүмүүс уралдаж ажил хөдөлмөр хийхийн оронд төрийн эрх мэдэл рүү хошуурцгаах болов.

Төрийн албаны нэг шалгалтанд хоёрхон орон тоон дээр 800-гаад хүн өрсөлдсөн гэхээр Гиннесийн номонд л бичигдэх тоо гэж санагдах юм. Энэ тухай бүгд л ярьцгааж, бухимддаг боловч  “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэсэн феодалын хуучирсан үг хэллэг тархи толгойд нь гүн бат суучихсан тул тэдгээр тогтоол шийдвэрт эргэлзэхээ мэдэхгүй, “оройн дээд” хэмээн төр засагт залбирсаар явах юм даа. “23 жил өнгөрчихөөд байхад ардчилсан төр барилцаж буйгаа мэддэг хүн манайд байдаг юм уу” гэж бодогдмоор.

Төрийн албан тушаалтнууд ажилдаа үнэнч сэтгэлээр хандаж, хуримтлагдсан олон асуудлыг ард түмнийхээ өмнөөс шийдвэрлэхийн оронд хэт ерөнхий ярьцгааж, хүмүүст хүртээлгүй бичиг цаас үйлдвэрлээд л сууцгааж байна. Утга санааг нь яаж ч ойлгож болохоор,  хааш нь ч мушгиж гуйвуулж хэрэглэх бичиг цаас боловсруулахдаа тэд хуулийн нүх цоорхойг андахгүй сайн мэддэг болж, аливаа хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулах олон арга хэлбэрийг сүвэгчлэн, тушаал шийдвэртээ шингээн оруулах болов.

Хуульчлагдсан ийм дүрэм журмыг эсэргүүцэгч хэн ч хууль хяналтын байгууллагад очиж дарагдсаар, төрийн тушаал шийдвэр хэрэгждэгээрээ хэрэгжиж, ард түмэн түүнийг нь дагаж мөрдсөөр ядууралд хүрч буй гэхээр зэвүү хүрмээр. Ийм л баримт бичгүүдээр төрийн ажил явагддаг гэдгийг дийлэнх иргэд огт мэддэггүй. Мэдлээ гээд яах ч юм билээ дээ гэсэн айвуу тайвуу хүмүүс харамсалтай нь манайд бас даанч олон харин энэ байдлыг  мэдэхийг огт хүсдэггүй нь бүр ч аймаар.

Бичиг баримт бол дарангуйлах хэрэгсэл

Би энд зөвхөн боловсролын чиглэлээр гардаг бичиг баримтуудыг мэдэхийн хувьд бичиж байна. Энэ  салбарын номер нэг  бичиг баримтууд болох бүх шатны сургалтын стандарт хөтөлбөрүүдийг хамгийн түрүүнд нэрлэх ёстой. Бусад орны хувьд сургалтын хөтөлбөр гэдэг баримт бичиг бол тухайн орныхоо боловсролын бие даасан байдлыг хангаж, энэ салбарыг хөгжүүлэх үндсэн чигийг гаргаж өгдөг, хамгийн анхаарал татсан төрийн бодлого нь байдаг.

Харин манайд ийм баримт бичгүүд хүн рүүгээ чиглэх бус,  ердөө л албан тушаалын зэрэг зиндаагаар нэг нэгнийгээ захиргаадах арга хэрэгсэл болоод байна. Үүнийг илтгэх амьдрал дээрх тод жишээ гэвэл хамгийн доод шатанд хамгийн хүнд ачаалал үүрдэг багш нарыг бичиг цаасаар дардаг явдал юм. Яам тамгын  хяналт шалгалт тэдэн дээр байн байн ирж, яльтай яльгүй шалтгаар нээнтэглэх эсвэл сурагч багш нарын дунд ядаргаа болсон төрөл бүрийн уралдаан тэмцээн хийж шоудан, сайд дарга нараа хамгийн түрүүнд магтацгаах явдлыг л цаанаасаа тэтгэж дэмждэг.

Ажил амьдралд тус болдоггүй яамны баримт бичгүүд ихэвчлэн энд тэндээс түүж хуулсан, хэн ч ойлгохын аргагүй буруу зөрүү орчуулгаар дүүрсэн байх бөгөөд энэ нь заавал ойлгож байж хэрэглэх албагүйг хэлээд өгнө. Зүгээр л үг дуугүй хүлээн зөвшөөрч биелүүлэх, шаардлага шахалтаар дүүрсэн төрийн баримт бичгүүд байгууллага, хүмүүсийг хүлцэнгүй, дуулгавартай, хүлээцтэй байлгах үүргээ тууштай биелүүлсээр ирлээ. Тиймээс ч боловсролын салбарынхны хэл ам хумхиастай, тэд үг хэлэх байтугай өөр олон эрх чөлөөгөөр хязгаарлагдсан хүмүүс болцгоожээ.  Энэ бүхэн тэгээд ардчиллын дүр төрх мөн гэж үү? Ардчилсан төр ингэж боловсролоо юутай хүүтэй нь дампууруулж, төрийн сүр хүч зөвхөн тэдний гаргасан тушаал шийдвэрийг биелүүлэхэд үйлчлээд байх юм бол хөгжил дэвшил хаанаас ирэх юм бэ?

Тендерийн бичиг баримт бол баяжих эрхийн бичиг

Төр томрохын хэрээр төрийн худалдан авалт, хийлгүүлдэг үйлчилгээ нь дагаад нэмэгдэж, түүнийг баталгаажуулсан төрийн тогтоол шийдвэр ч олширлоо. Ерэн оноос хойш гарсан хууль дүрэм гэж тоо томшгүй олон. Тэглээ гээд манайд амьдрал дээрдсэн билүү? Төр савандаа багтахгүй томорсноос болж ард түмэнд нэмэгдэх ачаа ч бас хэрээс хэтэрч, торгууль шийтгэлтэй холбоотой тушаал шийдвэрт бид эзлүүлж гүйцэв.

Хүн ардынхаа  төлөө санаа зовдоггүй төр засаг гэдэг татвар болон хүчний байгууллагадаа л найдаж, хамаг анхаарлаа тавьдаг юм шив дээ. Жинхэнэ хүний төлөө гэсэн боловсрол, эрүүл мэндийн салбарууд харин холоос хол хаягджээ. Хүнлэг төрийн нүүр хэзээ ч үзээгүй ард түмэн мухар сохроор “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээн төсөөлдөг байх. Энэ бодлоосоо салцгаая!

Том төрийн худалдан авалт нүсэр том гэж дээр өгүүлсэн. Унац сайтай шалгаруулалт явуулах нь тендерийн бичиг баримтыг хэрхэн яаж зохион бичихээс эхэлнэ. Муу юмандаа сайн хүмүүс яамаар дүүрэн тул тэдний хүчийг үүнд л ашиглана. Бичгийн цаасны ар өвөрт багтах хэмжээний журам боловсруулахад толгой зовох юмгүй тул тэдний нэг л өдрийн ажил. Зохиосон тэр журмаа дараа нь Хууль зүйн яамаар ёс төдий оруулж баталгаажуулан, баяжих эрхийн бичгээ жинхэнээр нь гардаж авлаа л гэсэн үг. Маш ерөнхий заалттай байх тусмаа хаана ч, хэнд ч үзүүлээд явж байхад тийм бичиг баримт хүлээн зөвшөөрөгдөхөд дөхөмтэй.

Манай улсын бүх номын сан элдэв нэртэй тендерт шалгарсан шахааны номоор дүүрсэн  гэвэл үнэмших хүн ховор байх. Хамгийн борлогддоггүй, хүн уншдаггүй ном л тендерт шалгардгийг мэдээд ч  яалтай билээ.  Уг нь нэгдсэн шалгуур тавиад, номын санчдын оролцоотой энэ бүхнийг журамлаж болно л доо. Гэхдээ хэн үүнийг гардаж хийх юм бэ? Хүмүүсийн хайран цаг завыг үрсэн эсвэл худал бичсэн  номонд хууртагдах явдал манайд зөндөө, тэгээд ч хүнд хэрэггүй ном хаа сайгүй олширсон.

Одоо бид ном дор нэг их мөргөж маяглаад байх шаардлагагүй болсон доо. Дээр нь манай шүүх, хуулийн байгууллагууд нийтийн эрхийг зөрчиж буй энэ мэт гэмт хэргийг юман чинээ бодохгүй, хүлээж ч авахгүй, “хуульд тусгагдаагүй” л гэж хэлнэ. Дээрээс батлагдсан хууль журмын дагуу албан ёсоор бид ингэж нийгмийн замбараагүйтэл, эдийн засгийн дампууралд хүрлээ. Энэ бүхнийг зарим хүмүүс  ардчилал, эрх чөлөөтэй холбон, жам ёсоороо явж байна гэж зөвтгөж солиорохыг нь яана! Боловсрол, соёлын салбараар дүүрэн ийм гунигтай явдлууд үргэлжилсээр.

Хэн ч бодсон тендерийн гол зорилго бол чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр авах явдал байдаг бол яам тамгын газрынхны ур ухаан, авхаалж самбааг хамгийн их унацтай тендерээс хэнээр дамжуулж, төөрүүлж байгаад өөртөө унагах вэ гэсэн ганцхан бодол л шалгадаг. Ямар ч нам, ямар ч сайд солигдоод хэрэг алга, байдал огт дээрдсэнгүй. Тэдэнд улс орноо бодох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн сэтгэл өчүүхэн ч байдаггүй нь хачин. Харин ийм хүмүүсийн хамгийн хэлэх дуртай үг  бол “Чадаж байгаа юманд арга байхгүй”, тийм л хүмүүсийг бид олоод сонгочихжээ.

Сонгуулийн пиар төрийн баримт бичиг болдог

Сонгуулийн шоу улс орны хөгжлийн хөтөлбөр болчихно гэж би хэзээ ч зүүдэлсэнгүй. Манай сонгууль бол жүжиг  харин улс орны хөгжлийн концепц бол бодит амьдрал байх учиртай. Тэгнэ ингэнэ гэсэн сонгуулийн хөөрцөглөл явж явж эцэстээ ялсан намын засгийн газрын мөрийн хөтөлбөр болчихоод, ажил амьдралаас хол тушаал шийдвэрүүд гаргадаг тухай би энд ярьж байна.

Улс төрийн ямар ч үзэл бодолгүй хүмүүс улс төрийн нам гэсэн нэрээр сонгуульд ээлжлэн ялалт байгуулж, өнөөг хүртэл төрийн эрх барьцгааж ирлээ. Хамгийн зальтай, ая тал засдаг, овжин сэргэлэнээрээ алдартай хүмүүсийн цугларлыг одоо нам гэж нэрлэх цаг болсон. “Нар дагавал даарахгүй, нам дагавал өлсөхгүй” гэсэн ядарсан бодол дийлж, үзэл бодлоороо нийлээгүй, мөнгө төгрөгөөрөө уралдаад төрд гарсан хүмүүс намын нэр дор хувийнхаа ажлыг л амжуулдаг шүү дээ.

Улс төрийн нам гэдэг манайханд дэндүү томдсон гоё нэр юм. Үнэн хэрэгтээ манайд нам нэрэндээ таарсан улс төрийн хүчин алга. Аль ч оронд нам байдаг шүү дээ гэсэн зүгээр нэг хар яриа л тэднийг улс төрийн нам хэмээн цоллуулж буй гэвэл үнэнд нийцнэ. Би лав өнөө хүртэл Монголын боловсролд тодорхой үзэл бодол хэрэгжиж буйг  олж хараагүй. Эрх баригчдын санаанд орсныг эсвэл тэдний сонгуулийн хөөрлийг төрийн бодлого гэж нэрлэхгүй л юм бол төрийн бодлого гээч юм манайд огт байхгүй. Цэцэрлэг, сургууль барихаас эхлээд мөнгөөр зодож явуулдаг бүхнийгээ яагаад ч төрийн бодлоготой хольж хутгаж болохгүй, мөнгө нь байгаа бол уралдаад хийх  аж ахуйн ажлуудын л нэг шүү дээ тэр чинь.

Ард түмэн энэ бүхнээс одоо уйдах цаг болсон биз, бүх зүйл цаашид улам л тодорхой болно. Цаасан дээр биш юм аа гэхэд хүн бүрийн толгойд өнөөх хүртэлх ой санамжууд зурайтал save-лэгдчихсэн байгаа шүү дээ. Тиймээс ч хүмүүс дараагийн сонгуульд уралдаж  ихийг амладаг намын хөтөлбөрт үнэмших явдал цаашид лав багасаж таараа.

Амьдралд хэзээ ч биелэгдэшгүй, бие биеэ хуурсан шоу баримт бичгүүд одоохондоо засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод, хуурамч амьдралын жишгийг тогтоосоор байгаа нь үнэн. Үүнийг тэд чадаж байна. Мэдээж энэ бүхэн өөрчлөгдөж, тун удахгүй тэдний арга барагдаж эхэлнэ, “борхон зүрх пол пол хийнэ, богино хавирга шир шир  хийнэ” гэдэг шиг тэдний байдал ч бас түг түг хийгээд эхэлчихсэн байгаа. “Дарь нь ихэдсэн цэнэг буугаа дэлбэлдэг” ч гэж бас хэлдэг дээ. Гэхдээ “хорвоо ийм шүү дээ, би өөр яах байсан юм бэ” гэх тэдний сүүлчийн үгэнд хүмүүс минь уярч хууртахгүй л юмсан.

Р.Энхбат

2013-12-12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Up Next:

​“Кембриж” гэж юу вэ?

​“Кембриж” гэж юу вэ?